БНАСАУ АНУ-тай хэлэлцээ хийх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдэв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-07-07 10:11:10

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ АНУ-тай хэлэлцээний ширээний ард суух төлөвлөгөөгүй байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудал хариуцсан хэлтсийн дарга Квон Жон мэдэгджээ.


Пёньян Америкийн талтай хэлэлцээ хийх шаардлага байхгүй гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайд Чой Сон Хуйн АНУ-тай дээд хэмжээний уулзалт хийж магадгүй тухай мэдээлэл гарсантай холбогдуулан өнгөрөгч бямба гарагт мэдэгдсэн байна.


“Зарим амин хувиа хичээгсэд БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны нэгдүгээр орлогч сайдын мэдэгдлийг "АНУ-ыг хөдөлж эхлэхийг өдөөсөн" эсвэл буулт хийхийг шаардсан  ямар нэгэн шаардлага гэж тайлбарлаж байна. Бид АНУ-тай хэлэлцээний ширээний ард суухгүй гэдгийг дахин мэдэгдье” гэж Квон Жон Гун мэдэгджээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Квон Жон Гун энэхүү мэдэгдлээ “БНАСАУ, АНУ-ын хэлэлцээнд зуучлах хүчин чармайлт нь хувиршгүй гэж чанга мэдэгдэж байгаа” БНСУ-ын хүчнүүдэд хандан хийсэн байна. Ийм үйлдлүүд нь “гагцхүү Солонгос хоорондын харилцааг сүйтгэж, улам дордуулахад хүргэнэ” гэж тэрбээр үзэж байгаа аж.


АНУ, БНАСАУ-ын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. Уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Тухайн үед Вашингтон аюулгүй байдлын баталгаа олгосны хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг БНАСАУ хүлээсэн юм. 2019 оны хоёрдугаар сард Ханойд болсон хоёр улсын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөсөн билээ.


Хоёр улсын удирдагчид мөн 2019 оны зургадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд богино хэмжээний уулзалт хийж, ажлын түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон боловч Стокгольмд болсон ажлын хэсгүүдийн уулзалт үр дүнд хүрээгүй юм.

Холбоотой мэдээ