Тогтвортой аялал жуулчлалын төсөлтэй газар дээр нь танилцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-08-14 09:59:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймгийн Дадал болон Биндэр суманд ажиллаж Онон Балжийн Дархан цаазат газар болон Тогтвортой аялал жуулчлалын төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж байна.

БОАЖЯ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дуусаад байна. 

Төслөөр 2015 оноос Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, сум дундын 11 ойн анги хамтран, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавх, чадамжийг сайжруулахад дэмжин ажиллажээ.


Аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн мөн төслийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас болон холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Энэ үеэр нутгийн иргэд буюу нөхөрлөлийн багийнхан төслийн хүрээнд сурч мэдсэн зүйлсээрээ үзэсгэлэн гаргаж дэлгэжээ. Жимс, ногоо тариалах, үндэсний гутал, хувцасаа хийхээс эхлээд гар урлалын бүтээгдэхүүн хийж сурснаа танилцуулж байна.


Холбоотой мэдээ