МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-15 11:02:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний их сургууль (МҮИС) эзэмшил газраа хэтрүүлэн ашиглаж, зэргэлдээх Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн газарт зөвшөөрөлгүй газар доорх гарааш барьж байсныг нийслэлээс өчигдөр орой албадан зогсоолоо. 

МҮИС нь өөрсдийн эзэмшил газар 746 м ам дөрвөлжин талбайд газар доорх гарааш барих архитектурын төлөвлөгөөг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас  батлуулжжээ. Гэвч барилга барих зөвшөөрөлгүйгээр 2204 м талбайд барилга барьж, 2 давхар болгож өргөтгөжээ. Иймд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал сургуулийн удирдлагад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг сануулан ийнхүү барилгын ажлыг албадан зогсоолоо.


МҮИС нь ЭХЭМҮТ-ийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барилга барих, орц гарц хийх зэргээр хууль бусаар удаа дараа халдаж иржээ. Энэ талаар эмнэлгийн удирдлага болон ажилтнууд эсэргүүцэн, нийслэлд хандсан байна. Үүний дагуу нийслэлийн холбогдох албаныхан ЭХЭМҮТ-д очин нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, улмаар зөвшөөрөлгүй барилга барьж буй явдлыг шалгах ажлын баг байгуулан ажиллажээ.


Холбоотой мэдээ