Элчин сайд А.Төмөр Итгэмжлэх захидлаа гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-19 10:16:58
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Элчин сайд А.Төмөр энэ сарын 14-нд Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх захидлаа тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Сальсия Алисжабанад гардуулав.


Талууд Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тодорхой төсөл хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцжээ. Байгаль орчин, статистик, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Байнгын төлөөлөгч илэрхийлж, цаашид Монголын тал Комиссоос хэрэгжүүлж буй “Ундны усан хангамж, цэвэр усны хэрэглээний хүртээмжийг нэмэгдүүлэх”, “Тогтвортой хөгжлийн талаарх Ази-Номхон далайн платформ”-д идэвхтэй оролцох, “Ази-Номхон далайн бүсэд агаарын бохирдлыг бууруулах”, “Цөлжилт, газрын доройтол, байгаль орчин” зэрэг асуудлаар хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.


Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг цаашид үргэлжүүлэн бэхжүүлэхэд хамтран ажиллахаа нотлохын зэрэгцээ өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, Монголын талаас онцгой ач холбогдол өгч буй чиглэлүүдийн талаар мэдээлэл авснаа дурдаж, дээрх салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдсан байна. Түүнчлэн Монгол Улс цар тахалтай тэмцэхэд бүс нутагтаа манлайлан ажиллаж буйг сайшаан тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ