Зуух пийшингийн битүүмжлэлээ сайтар шалгахыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны өвөл нийслэлд 979 өрхийн 2568 иргэн угаарын хийнд өртсөн судалгаа бий. Зуух пийшингийн битүүмжлэл муугаас 17,8, зуух яндангийн холбоос засвартайгаас 10,4, зуух, яндангаа хөөлөөгүй битүүрснээс 9,6, яндангийн сойлтоо хааснаас 16,8 хувь нь угаартжээ.
Иймд Нийслэлийн
Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
Д.Мөнхжаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын
хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх
албаны дарга Ч.Буянжаргал нар хүйтний
улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийг зуух пийшингийн битүүмжлэл болон
угаар мэдрэгчээ сайтар шалгахыг уриаллаа.
Тодруулбал, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал дээрх мэдээллийн үеэр, “Иргэд угаар хий мэдрэгч ажиллаж буй эсэхийг сайтар шалгах шаардлагатай. Энэ сарын 19-ний 20.00 цагт бүх айл өрхийг угаарын хий мэдрэгчээ шалгахыг уриалж байна" гэв.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил ярихдаа, “Галлагаа бүрэн дуусаагүй, цогшсон байхад өрхөө бүтээснээс угаартдаг. Дараа нь угаар мэдрэгчийн батарейг салгасан, шалгаж үзээгүй зэрэг шалтгаан хэлдэг. Иймд иргэд хариуцлагатай байх хэрэгтэй" гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компани хамтран 10 дугаар сарыг дуустал гэр хорооллын айл өрхийн янданг хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэл, гэр байшингаа дулаалсан байдлыг шалгаж, галлагааны зөвлөмж мэдээлэл хүргэж байгаа. Нийт 6 дүүргийн 162 мянган өрхөд угаар мэдрэгч суурилуулсан бол нэмээд 15 мянгыг суурилуулах аж.
“Тавантолгой түлш” компаниас Хэрэглэгчдэд үйлчлэх алба байгуулж, нэг хяналтын ажилтан гэр хорооллын 200 өрхөөр орж, яндангаа хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг шалгаж байгаа. Мөн гэрт амьдарч байгаа иргэдэд зориулан агааржуулалтын хоолой хийж өгч байна. Ийм тохиолдолд өрхөө татаж яндангаа авах шаардлагагүй юм. Тус компани нь “Яндангаа хөөлье” аянд нэгджээ.
Өнөөдрийн
байдлаар 7011-9400 дугаарт 3975 дуудлага ирж мэргэжлийн албан хаагчид 2000
гаруй өрхийн янданг үнэ төлбөргүй хөөлсөн байна.