Эрдэм чадал нь домог мэт яригддаг Жагар Моломын гэрэл зургийг өвлөн хадгалжээ

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-05-23 14:27:06

1700- аад оны сүүл 1800- аад оны эхэн үед амьдарч байсан Жагар Молом хэмээх ном эрдэмд гэгээрсэн нэгэн ламын дүр бүхий ховор гэрэл зургийг Сайнцагаан сумын 9- р багийн иргэн Ж. Ганзориг хадгалдаг байна. Түүнд Жагар Молом ламын зургийг Богдын Чогчин бурхан, Мянгатын бар номтой хамт Зава Дамдин гавжийн шавь Гэмпил өвлүүлж өгчээ.

 Гэрэл зурагт дунд зэргийн урт цагаан сахалтай, өтгөндүү хөмсөг, хурц харцтай, том эрх хүзүүндээ зүүсэн, цээж нүцгэн, таншин хэмээх өмсгөлтэй, бадриун байрын хүний дүр буусан байна. Жагар Молом хэмээх энэ лам одоогийн Дундговь аймгийн төвөөс баруун хойш 20 гаруй км- т оршдог байсан Мөх Ганжуурын хийдэд амьдардаг, таншин /лам нарын өмсгөл/, ташуур орхимжоос өөр өмсгөлгүй, нүцгэн явдаг хүн байсан гэдэг.

Тэрээр ном эрдэмд гэгээрч, тэвнийн сүвэгчээр ороод гарах чадалтай болсон гэгддэг байсан бөгөөд түүний тухай үлгэр домог мэт олон яриа өнөө ч яригддаг байна.

Ж. Ганзориг энэ тухай зарим яриаг сонирхуулсан юм. Тэрээр хуучилсан яриаг сийрүүлбэл,  “Жагар Молом Туулын мөсөн дээр мямба хийж суухдаа голын уснаас хутгаад уухад ямар л манз, цав барихыг хүснэ, хутгасан ус нь түүнд хувилдаг байсан гэдэг. Өвөл зунгүй таншингаас өөр өмсгөлгүй нүцгэн явдаг түүнийг Туулын мөсөн дээр шөнөжингөө суугаад үүр цайхад суусан мөс нь хайлмагтан хонхойж, хөлийн хурууг нь даган ус дусагнаж байсан гэдэг. Харин эрдэм чадлыг нь сонжихоор дах дэгтий нөмрөн суусан улс осгохоо дөхсөн. Тийм л мундаг чадалтай хүн байж.

Гандантэгчилэн хийдийн хашаанд Богд ламын дүрийг сийлсэн цагаан гантиг чулуу бий.Тэр чулууг уулын аманд байхад Жагар Молом Төвдөд Чойрын гүн ухааны ном үзсэн ламтай эрдэм чадлаа сорьж байсан гэдэг. Өнөө лам тасга авахад үхрийн чинээ цагаан гантиг чулуу газраас хөөрч агаарт тогтож байсан бол Жагар Молом дамараа мушгихад гантиг чулуу агаарт хэр өндөр тогтсон тэр хэмжээгээр газрын хөрсөнд шигдэж байсан гэдэг. Тиймээс тэр чулууг номын авшиг шингэсэн хэмээдэг яриа ч бий” хэмээн хуучлав.

Жагар Моломын шавь Чойжид хэмээх лам Зава Дамдин гавжийн үед амьдарч байсан бөгөөд Чойжид ламын  шавь Дэрэн сумын Банзар, Мандир нарын зоч лам байсан. Харин Ж. Ганзоригт Жагар Моломын зургийг өвлүүлж өгсөн Гэмпил лам Жагар Моломын ээжийнх нь удмын хүн байсан ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ