Цахимжин зардал танаж ашиг нэмэх төсөв

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-10-19 17:10:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Засгийн газар УИХ-д өргөн өргөн мэдүүлсэн билээ.


Тэнцвэржүүлсэн орлогыг 2020 оны төсвийн тодотголын төвшинтэй харьцуулахад 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Тодруулбал нийт зарлага 2020 оны тодотголоос 625.9 тэрбум төгрөгөөр буурч 13.9 их наяд төгрөгт хүрэх аж. Энэ нь тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж төсвийн үзүүлэлтүүдийг сайжруулав.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээг хэрэгжүүлснээр нэмэгдээд байгаа төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы баасан гаригийн (2020-10-16) нэгдсэн хуралдаанд төсвийн төслийн танилцуулга хийхдээ онцолсон юм.


Татварын хувь хэмжээг 2021 онд тогтвортой хадгалах, татварыг хялбаршуулан бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх бодлого баримтлах нь тодорхой боллоо. Татварт тууштай баримтлах энэ бодлого нь татвараас зайлсхийх явдлыг бууруулах, тэгш шударга орчин бүрдүүлэх сайн талтай гэж Засгийн газар үзэж байна.


Татвараас зайлсхийж хууль биелүүлдэггүй шударга бус этгээдийг татвараа төлдөг болгох ажлыг захиргааны аргаар бус аливаа хүндрэл чирэгдэлгүйгээр орчин үеийн технологийн дэвшил ашиглан хэрэгжүүлнэ. Энэ зорилгоор Засгийн газраас 2019 оноос үе шаттай хэрэгжүүлж байгаа татвар, гаалийн шинэчлэлийн ажлууд ирэх оноос үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцсон аж.


Энэ чиглэлээр гаалийн шинэчлэлийн үр дүнд экспорт, импортын голлох боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, хилээр нэвтрэх үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар экспортыг нэмэгдүүлнэ. Мөн өндөр хүчин чадлын рентген, дээж авагч тоног төхөөрөмж, гаалийн лаборатори зэргийг байгуулж экспортын бүтээгдэхүүний хэмжээ, агуулга, чанарыг үнэн зөв тодорхойлж татварыг бүрэн хураадаг болох юм байна. 


Монгол Улсын 1.7 сая гаруй иргэн өдөр тутам хэрэглэж, 34 гаруй их наядын гүйлгээ бүртгэгдэж байгаа и-баримтын системийг улам боловсронгуй болгон иргэд худалдан авсан бараандаа гар утсаараа хяналт тавих, улс экспортоор гарч буй байгалийн баялгийн тээврийн хэрэгсэл тус бүрээр бүртгэх, хяналт тавих боломж бий болох юм. 


Татварыг иргэд аж ахуйн нэгжээс технологийн дэвшил ашиглан бүртгэлийг сайжруулж, энгийн хялбараар төлөх боломжуудыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох нь зөв гэж үзсэн байна. Мөн худалдаа, үйлчилгээний газруудад цахим төлбөрийн наалтыг байршуулан,  иргэд цахим төлбөрийн баримтыг өөрөө үүсгэж худалдан авалтаа бүртгэх боломжийг бүрдүүлснээр цахим төлбөрийн баримт олгодоггүй байдал аяндаа арилж, далд эдийн засаг хумигдаж шударга байдлыг урамшуулах эерэг үр дагавартай гэж үзэж байна.


Төрийн өмчийн нийт 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулах, эдгээр аж ахуйн нэгжүүд олон жил алдагдалтай, үр ашиггүй, ил тод бус ажиллагааг таслан зогсоож үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, засаглал, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар төрийн өмчийг үр ашигтай удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, удирдлагуудтай ажлын үр дүнгээр хариуцлага тооцдог болох боломжийг бүрдүүлэх аж.


Эрүүл мэнд


Иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийг цахим систем ашиглан эмнэлэг, эмийн санд хуваарилдаг хэлбэрт 2021 оны 01 дүгээр сарын 01- ээс эхлэн шилжих болжээ.


Ийм хэлбэрийг хэрэгжүүлснээр даатгалтай иргэд улсын болон хувийн эмнэлгийг чөлөөтэй сонгож чирэгдэлгүй, шуурхай үйлчлүүлэх, чанартай эмийг хөнгөлөлттэй, хүртээмжтэй байдлаар дараалалгүй худалдан авдаг болох тогтолцоонд эрүүл мэндийн салбар шилжиж шинчлэгдэнэ. Ийм тогтолцоонд шилжсэнээр даатгалын ач холбогдлыг иргэд бүрэн ойлгон ухаарч хүн бүрийн даатгуулах нөхцөл бүрдэх нь. Эмийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн агентлаг байгуулж стандартын шаардлага хангаагүй, өндөр үнэтэй хуурамч эмийн нийлүүлэлт, борлуулалтад хяналт тавьж зах зээлээс шахан гаргах нөхцөлийг бүрдүүлэх боломж бүрдэж байна.


Боловсрол


Тус салбарт сургалтын хамрах хүрээ, хувь хэмжээ өндөр байгаа ч чанар хангалтгүй байна. Тухайлбал хот, хөдөөний сургуулиудын хооронд ялгаа их гарчээ. Боловсролын салбарт зарцуулж байгаа төсөв хөрөнгө боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэж чадахгүй, үр ашиггүй байна гэж Засгийн газрын тэргүүн төсвийн танилцуулга хийхдээ онцолсон.   


Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын аргачлалыг өөрчилж, багшийн орон тоог боловсролын стандарт хөтөлбөр, анги дүүргэлтийн бодлоготой, багшийн цалин хөлсийг сургалтын чанар, гүйцэтгэлтэй уялдуулдаг болох юм. Боловсролын салбарт ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршил, хэв шинжийн оновчтой хувилбарыг тогтоож, зохих өөрчлөлт хийх бололтой. Ингэснээр сургуулиудын бүлэг дүүргэлт нэмэгдэж, багшийн хүрэлцээ, сургалтын орчин нөхцөл, суралцагчийн сурлагын чанарт ахиц гарах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно.


Засгийн газар сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны тарифыг 50 хувиар нэмсэн. Гэвч дахин нэмэгдүүлэх шаардлага байгаа гэж үзэж байна. Гэхдээ төрөөс олгох санхүүжилтийг бууруулахгүйгээр орон нутгийн онцлог, хүүхдийн тоо, хүчин чадалдаа тохируулан хоолны тарифыг бие даан нэмэн шийдвэрлэх эрхийг хүүхдийн цэцэрлэг, сургууль эцэг эхийн зөвлөлд олгох нь зүйтэй гэж үзсэн байна. 


Улс орны бүтээн байгуулалтын том төслүүдийг дагаад зах зээлд эрэлттэй мэргэжилтэн, ажиллах хүчин хангалттай бэлтгэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах асуудалтай салшгүй холбоотой. Ийм учраас боловсролын зээлийн сангаас олгож байгаа дээд боловсролын тэтгэлэг, зээлийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилтэн бэлтгэхэд чиглүүлж их, дээд сургуулиудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зөвхөн чанараар нь эрэмбэлж ТОП-10 сургуульд Боловсролын зээлийн сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр боллоо. Цаашдаа нэн шаардлагатай, хэрэгцээт мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдад сургалтын зээл болон тэтгэлэг олгох аж. Мөн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд элсэн суралцахыг дэмжих бодлого баримтлах болжээ.


Цар тахал


Эмзэг бүлгийн иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуй эрхлэгчдийг дэмжих чиглэлээр 2020 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал 18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн болон нийгмийн халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжихэд сар бүр олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн шийдвэрийг 2021 оны эхний хагас жилийг дуустал үргэлжлүүлэх юм байна.


Түүнчлэн үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийн ажилтандаа олгодог цалин хөлснөөс ердийн үед 22-25 хувиар тооцож ногдуулдаг байсан нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлж, хөнгөлсөн арга хэмжээг хэсэгчлэн үргэлжлүүлж 2021оны эхний хагас жилд 3-5 нэгжээр хөнгөлж нийт 17хувиар тооцохоор төлөвлөжээ. Нийгмийн даатгалын төрөл, шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн тогтолцоог хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж, хүн амын өсөлт, цалин хөлсний бодлого зэрэгтэй уялдуулан тогтолцооны хувьд иж бүрэн шинэчлэх замаар ажил эрхлэлтийг дэмжсэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд дарамтгүй, санхүүгийн хувьд урт хугацаанд тогтвортой, төлсөн шимтгэлийн хэмжээгээр ирээдүйд үр өгөөжөө өгдөг, тэгш, шударга, ил тод, үр ашигтай тогтолцоонд шилжих нөхцөлийг бүрдүүлэх юм байна.


Мөн халамжийг хавтгайруулан давхардуулж олгодог байдлыг цэгцэлж зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, хүртээмжтэй дэмжлэг, тусламж олгодог байхаар нийгмийн халамжийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьжээ. Халамжид хамрагдах шалгуурыг нарийвчлан танил тал, авилгаар төрийн халамж хүртэж ядарсан нэгний боломжийг хулгайлдаг нүх цоорхойг хааж, бэлэнчлэх бус харин ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн тогтолцооны шинэчлэх нөхцөлийг бүрдүүлэх ажил  хийнэ. Салбарын шинэчлэлийн хүрээнд дээр дурдсан халамж, нийгмийн даатгалын тогтолцоог цогцоор нь шинэчлэх хууль эрх зүйн багц өөрчлөлтийг Засгийн газраас Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх болно гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.


Нийгмийн халамжийн 9 төрлийн 73 ангилал бүхий үйлчилгээг авахад бүрдүүлэх шаардлагатай 36 төрлийн бичиг баримтыг төрийн үйлчилгээний цахим системүүдээс автоматаар шалгаж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг иргэдийн дансанд  шуурхай шилжүүлдэг тогтолцоонд ирэх оноос бүрэн шилжинэ. Үүний үр дүнд халамжийн байгууллагын ажилтнуудын өргөдөл хүсэлт хүлээн авч шийдвэрлэх ажлын ачаалал болон бичиг хэрэг, архивын зардал буурч, салбарын ажилтнуудын ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж халамжид хамрагдсан өрх, иргэдтэй ажиллах цаг нэмэгдэнэ гэж тооцжээ.


Сум, орон нутагт хийгдэх сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга, их засвараас эхлүүлээд томоохон төслүүдийг ч саадгүй санхүүжүүлэхээр болжээ. Нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2016-2019 онуудад 100 сургууль, 147 цэцэрлэг, 43 дотуур байр, 52 эмнэлгийн барилга болон 1773 км авто зам, 1481 метр гүүрийн байгууламж, 500 км инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулсан байна. Харин 2021онд 62 сургууль, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг, аймгийн төвийн 3 театр шинээр барьж ашиглалтад оруулахаар болжээ. Дэд бүтцийн салбарт авто замын 43, гүүрийн байгууламжийн 10, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11, дулааны шугам сүлжээний 3, инженерийн шугам сүлжээний 26 төслийг тус тус ашиглалтад оруулна. Түүнчлэн олон жил яригдаж шийдлээ хүлээж байсан нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж ашиглалтад оруулж байна. Тухайлбал  5 удаа нээлт хийн тууз хайчилж олон жил яригдсан Баянхонгор Говь-Алтай аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай замыг нэг жил гаруйн хугацаанд дуусган ашиглалтад оруулж эхний санхүүжилтийг 2021 оны төсвийн төсөлд тусгажээ. 


Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах зорилгоор эхлүүлсэн Их эзэн Чингис хааны музейг 2021 онд ашиглалтад оруулах аж. Түүнээс гадна Үндэсний урлагийн их театр, Байгалын түүхийн музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж 2022 онд дуусгахаар төлөвлөжээ.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх 1,388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Мөн зарим сургууль, цэцэрлэгийн болон гэр хорооллын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг эхлүүлэхээр тус тус тусгажээ.

Холбоотой мэдээ