Б.Мөнхбаатар: Орон нутагт зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-19 15:42:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газрын ажлын хөтөлбөрт тусгагдсан зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөр төслийн талаар салбарын сайдын мэдээлэл сонсож санал, чиглэл өгчээ.


Засгийн газрын ажлын хөтөлбөрт тусгасан 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг зургаан янзаар хэрэгжүүлэхийг зорьж буйг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллийн эхэнд тодотгов. Тухайлбал, өөрийн эзэмшиж байгаа газар дээр нь аж ахуйн нэгж дахин төлөвлөлтөө батлуулаад орон сууц бариулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах зэрэг ажил хийгдэнэ. Мөн ашиглах шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх зэргээр барилгажуулна гэдгийг тодотголоо.


Төрөөс холбогдолтой нэг чиглэл нь түрээсийн орон сууц бөгөөд аж ахуйн нэгжүүд барилга бариад ипотекийн зээлээр ашгаа олоод явж буйг мэдээлэлдээ дурдав. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт ипотекийн зээлийн хүү 8 хувь байсныг нь 6 хувь болгож багасгасан гэдгийг тэмдэглэв. Өнөөдрийн байдлаар, 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн зээлийг 6 хувийн ипотекийн зээлээр авсан гэдийг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.


Тэрээр, ипотекийн 6-8 хувийн зээлийн шалгуурт тэнцэхгүй олон зорилтот бүлгийн иргэд байдгийг дурдаад, түрээсийн орон сууцны асуудлыг мөн зайлшгүй анхаарах хэрэгтэйг онцлов. Тэрбээр, “Уг хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаан нь төр өөрийн газар дээрээ инженерийн шугам, дэд бүтэцтэй байж төслийг хэрэгжүүлнэ гэсэн шаардлага тавьдагтай холбоотой. Улсын хэмжээнд гурван мянга орчим түрээсийн орон сууцны сан байгаагаас 1500 нь Улаанбаатарт байна. Өнгөрсөн онд 972 айлын орон сууцны түрээсийн орон сууцны хөтөлбөр Буянт-Ухаа цогцолборт хэрэгжүүлэхэд 35 мянган хүн бүртгүүлсэн. Ипотект хамрагдаж чадахгүй байгаа төрөөс анхаарах шаардлагатай маш олон зорилтот бүлгийн иргэн байгаа. Тиймээс уг хөтөлбөрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар намын бүлгийн хуралд танилцууллаа. Аймгийн төвүүд 60 хувь нь инженерийн шугам сүлжээтэй байгаа хэдий ч цэвэрлэх байгууламж нь хальчихсан, дулааны эх үүсвэр дутагдалтай байна. Энэ эх үүсвэрийг бүрдүүлснээр, олон барилга төлөвлөж барих учиртай. Аймгийн төвүүдэд 40, 80, 120 айлын орон сууц барих схем гаргасан. Орон нутгийг хөгжүүлэх сангийн тодорхой хувийг байршуулах замаар зорилтот бүлгийг хэрхэн орон сууцжуулж болох, үүнд улсаас инженерийн шугам сүлжээ тавих ёстой гэсэн асуудлыг гишүүдээсээ чиглэл болгон авлаа. Энэ схемийг илүү боловсронгуй болгох асуудлаар ажиллах болж байна” хэмээв. 

Холбоотой мэдээ