Малчид малынхаа тоонд биш чанарт анхаарах нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-19 16:35:57

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймагт НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллага хамтран, малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа.

Төслийг 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Завхан аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж энэ оны хоёрдугаар сард нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж буй энэ цаг үед малчид малынхаа тоо биш чанарт анхаарах, цөөн тооны чанартай малыг эдийн засгийн эргэлтэд оруулан байгаль орчин, бэлчээрээ хамгаалж, цочролд бэлэн, дасан зохицох чадвараа нэмэгдүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж буй. Төслийн зорилго ч энэ юм. Тухайлбал хамтарсан төслөөс Тэс, Отгон, Их-Уул сумын 15 малчин өрхөд үржлийн хуц, ухна хүлээлгэн өгсөн байгаа. Эдгээр үржлийн мал тухайн сумдад малын үүлдэр угсааг сайжруулахад чухал нөлөөтэй юм. Манай аймаг байгаль цаг уурын онцлогт дасан зохицсон үржлийн шилмэл үүлдэр, омгийн малын үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулсан билээ. Ингэснээр малын чанарыг сайжруулах, зах зээлийн үнэ, ашиг шимийг нь нэмэгдүүлж улмаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, аливаа байгаль цаг уурын эрсдэл, гамшгийг даван туулах чадварыг нэмэгдүүлэх юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


 

Дундын хоршоо 9.7 тонн ноолуур тушаажээ

Завхан аймгийн хэмжээнд малчид дундын хоршоо байгуулж, үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна.

Тухайлбал, Тэс сумын хувьд хоршоо байгуулж, бэлчээрийн эрсдэлийн дундын санг бий болгосон байна. Тус хоршоо ноос ноолуурынхаа чанарыг сайжруулахад илүү анхаарч ажиллаж байна. Малчдын зөвлөгөөний үеэр хоршоондоо ноосоо тушаасан малчдад ногдол ашгийг нь олгоод байгаа. Энэ жил тус хоршоо үндэсний үйлдвэрлэгч Говь компанид 9.7 тонн ноолуур тушаажээ. Ноолуурын чанар сайн байгаа учраас ирэх жил ч мөн хамтран ажиллахаар болсон байна. Ташрамд өнгөрсөн сард НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй НҮБ-ын төрөлжсөн дөрвөн байгууллагын төлөөллүүд манай аймгийн малчин өрхийн амьдрал ахуй, нөхцөл байдалтай танилцаж, Тэс сумын Малчдын зөвлөгөөнд оролцсон.

Энэ үеэр малчид хэрхэн хорших, дундын эрсдэлийн сан байгуулах талаарх мэдээлэл сургалтыг зохион байгуулсан юм. Малчид өөрөө өөрсдийнхөө амьдралыг сайжруулахад идэвх санаачилгатай байх нь чухал гэдгийг төслийнхөн энэ үеэр онцолж байлаа. Манай аймгийг сонгон хэрэгжүүлж буй малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, аливаа цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн хүрээнд малчдын бизнес санал санаачилгыг өргөжүүлж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, хоршооны үйл ажиллагааг дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлнэ. Нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхийн байгалийн гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлж, цочролын дараах нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулахыг зорьж байгаа юм гэж аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэл өглөө. 


Холбоотой мэдээ