Армени, Азербайжан энгийн иргэд, цэргийн бус объектуудад цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-31 12:03:55

ВЕНА. /Azertac/. Азербайжан, Арменийн төлөөлөгчид баасан гарагт Женевт уулзах үеэрээ Уулын Карабахад гал зогсоох тохиролцоог биелүүлэхийн тулд энгийн иргэд болон цэргийн бус объектуудад зориуд цохилт өгөхгүй байх зэрэг тодорхой алхамуудыг хийхээр тохиролцлоо гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) хэвлэлийн алба мэдээлэв.


Мэдэгдэлд тэмдэглэснээр, ОХУ, Франц, АНУ-ын хамтран даргалдаг ЕАБХАБ-ын Минскийн бүлгийн төлөөлөгчид 10 дугаар сарын 30-ны өдөр Женев хотноо Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нартай ганчаарчилсан болон хамтарсан уулзалт хийсэн байна. Тэд мөн ЕАБХАБ-ын даргын бие төлөөлөгч Анжей Каспшик, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди, Олон улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн /ОУЗН/ ерөнхийлөгч Питер Маурер нартай зөвлөлджээ.


Гарз хохиролгүйгээр гал зогсоох тохиролцоог дагаж мөрдөх эсвэл бусад үүргээ биелүүлэхийн тулд талууд хэд хэдэн арга хэмжээг яаралтай авахаар тохиролцсон байна. "Талууд олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийн дагуу энгийн иргэд болон цэргийн бус объектуудыг зориуд онилохгүй" гэж ЕАБХАБ-ын Минск Бүлгийн мэдэгдэлд дурджээ.


Түүнчлэн байлдааны талбарт амь үрэгдсэн хүмүүсийн цогцос болорн олзлогдсон цэргүүдийг солилцох ажилд идэвхтэй оролцож, ОУЗН болон ЕАБХАБ-ын даргын бие төлөөлөгчийн газарт хамтран ажиллах аюулгүй байдлын баталгааг гаргаж өгөх ёстой байна.


Азербайжаны албан ёсны нутаг дэвсгэр боловч уугуул арменичуудын мэдэлд байдаг Уулын Карабахын асуудлаас үүдэлтэй мөргөлдөөн энэ оны есдүгээр сарын 27-ноос эхэлсэн. Талууд гал зогсоох тохиролцоонд гурван ч удаа хүрсэн боловч мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.


Холбоотой мэдээ