Мөнгөний бодлогын мөн чанар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-11-06 11:41:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн (2020-11-5)  хуралдаанаар баталлаа. Монголбанкнаас дээрх баримт бичгийг боловсруулахдаа:

1/ Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд хууль, эрх зүйн орчныг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн боловсронгуй болгох, Монгол Улсын үнэлгээний үр дүнтэй байдлыг дээшлүүлэх зорилгоор олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, үндэсний хөтөлбөрийг батлах;

2/ Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулж, санхүүгийн маргааныг олон улсын шилдэг туршлагад үндэслэн шийдвэрлэх оновчтой тогтолцоог бүрдүүлэх;

3/ Санхүүгийн гэрээ, хэлцэлд оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, тэдгээрийн хооронд үүссэн маргааныг шүүхээс богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх, барьцаалагчийн шаардах эрхийг хангуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах;

4/ Банкны салбарын актив хөрөнгийг ангилж, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах эрх зүйн зохицуулалтыг олон улсын шилдэг туршлага, зөвлөмж, Монгол Улсын банкны салбарын онцлогт тулгуурлан боловсронгуй болгож, үе шаттайгаар мөрдүүлэх;

5/ Банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх;

6/ Олон улсын сайн туршлагад үндэслэн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;

7/ Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангах гэсэн чиглэлийг баримталжээ. 


“Инфляцыг нэмэх, хасах 2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтод шилжүүлэх нь энэ удаагийн мөнгөний бодлогын онцлог” гэж Монголбанкны ерөнхийлөгч  Б. Лхагвасүрэн УИХ-ын чуулганы нэгдсэн (2020-10-5)  хуралдаан дээр хэлсэн юм. Инфляцын хэлбэлзлийг эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөлтэй уялдсан бага төвшинд тууштай бууруулах бодлогыг хэрэгжүүлэх нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үндэс болдог байна. Энэхүү бодлогын дунд хугацааны үр дүн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн хэлбэлзэл, санхүүгийн зах зээл дээрх хүү буурах байдлаар илэрнэ гэж  төв банк тооцоолжээ. 


Ковид-19 олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгон зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30 хувиар суларчээ. Харин төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 орчим хувь суларсан нь экспортын орлого 40-50% хүртэл тасарсан хүнд үед тойрох аргагүй, шаардлагатай бодлогын тохиргоо болжээ. Экспортын үнэ, хэмжээ оны эхний хагастай харьцуулахад хоёрдугаар хагаст (2020-7-1-нээс) нэмэгджээ. Түүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилж валютын урсгалыг тэтгэсэн байна.


Монгол Улс 2021 онд төлөгдөх 500 сая ам.долларын Мазаалай бонд, 2022 онд төлөгдөх 1 тэрбум ам.долларын Чингис бондыг хэсэгчлэн амжилттай дахин санхүүжүүлсэн, ХХБ-ны 500 сая ам.долларын бонд амжилттай төлөгдсөн зэрэг нь богино хугацааны гадаад төлбөрийн дарамтыг буурууллаа. Гадаад валютын нөөцийн хүрэлцээ импортын 8-9 сарын хэрэгцээг хангах төвшинд хадгалагдаж байна. Төгрөгийн харьцангуй уян хатан ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр төлбөрийн тэнцлийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийн хүрэлцээг алдагдуулахгүй байх, гадаад шокын сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үүргийг гүйцэтгэжээ. 


Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, 2020 онд цар тахал болон гадаад орчны бусад таагүй нөлөөгөөр гадаад худалдаа удааширч, хөрөнгө оруулалт саарч, дотоод эдийн засаг агшин инфляцын дарамт харьцангуй бага байх төлөвтэй байна. Ирэх онд гадаад, дотоод эдийн засаг аажмаар сэргэх хүлээлттэй байгаа ч Ковид-19 вирусний эсрэг үр дүнтэй эмчилгээ, вакцин гараагүй цагт тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдаж, эдийн засгийн суурь эрсдэл хэвээр байна. КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээ үр дүнтэй байгаа бөгөөд ирэх жилийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг болно гэж төв банк үзжээ. 


Тогтоолын төслийг хэлэлцэх явцдаа УИХ гишүүн Х. Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж уг төсөл дээр “Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг авах” гэсэн шинэ заалт нэмсэн байна. Энэ заалтын хүрээнд Монголбанкинд ипотекийн зээл, алт олборлолт, хөдөө аж ахуйд зарим нэг санхүүжилт хийхээр болжээ. Төвбанкнаас ийм төрлийн санхүүжилт хийхийг  хуулиар  хориглосон байдаг юм байна. Гэвч цар тахлын үеийн нэг удаа үйлчлэх хууль (УИХ 5 дугаар сард баталсан)-иар Монгол банк ийм санхүүжилт хийх боломжтой болжээ. Тэгээд "мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх  үүрэг зөвхөн төвбанкных бус.  Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй юм байна. Монголбанк зарим салбарт санхүүжилт хийх болж байгаа  нь энэ удаагийн мөнгөний бодлогод орсон гол өөрчлөлт, мөн чанар нь бололтой.

Холбоотой мэдээ