УОК: ОХУ-тай хиллэдэг боомтуудыг хаах санал гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг энэ сарын 16-наас ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаанд хаах санал гаргасан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Мөн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав, Боршоо боомтыг энэ сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар түр хаах санал гаргажээ.
Харин шатахууны суурь үнэд нөлөөлөхүйц буюу нефтийн бүтээгдэхүүн ОХУ-аас импортолдог Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас гарагийн зохицуулалттай нээхийг УОК-оос дэмжжээ. Тодруулбал, сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байхаар төлөвлөсөн байна.
ЗТХ-ийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нараар ахлуулсан УОК-оос томилсон мэргэжлийн гурван баг ОХУ-тай хиллэдэг боомтуудад ажиллажээ. Тус ажлын багууд болон ГХ-ны сайд Н.Энхтайван санал, дүгнэлтээ УОК-ын өнөөдрийн хуралдаанд танилцуулж, эрсдэлийг үнэлснээр дээрх саналыг гаргасан байна. Уг саналыг маргааш Засгийн газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх юм байна.
Өнөөдрийн байдлаар, Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 тээврийн жолоочоос COVID-19 илэрчээ. Тэдгээрээс гурав нь өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан бөгөөд үлдсэн 37 жолоочийг ХӨСҮТ-д тээвэрлэн эмчлэх юм. Цаашид халдвар илэрсэн жолоочийг ХӨСҮТ рүү тээвэрлэх явцад халдвар хамгааллын эрсдэл учрахаас болгоомжилж дээрх саналыг гаргаж буйг мэдээлэлдээ тодотгов. Гэхдээ Алтанбулаг боомтоор нутагтаа буцаж буй иргэдээ зохион байгуулалттай татан авах хөдөлгөөнийг хаагаагүй гэдгийг нэмж тайлбарлав.
Алтанбулаг боомтыг хаах хугацаанд тус боомтод тусгай бүс байгуулж ОХУ-аас ирсэн ачааг тэндээс сэлгэж ачдаг байхаар бэлтгэлээ хангах юм. Мөн ОХУ-ын талтай хамтран төмөр замаар ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэж, аль болох өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийхээр судалж буйг тэмдэглэв.