Хятадын ГХЯ: RCEP-г байгуулсан нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид чухал алхам болсон

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-11-17 17:13:31

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь өчигдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Бүтэн найман жил хэлэлцсэний эцэст “Бүс нутгийн эдийн засгийн цогц түншлэлийн хэлэлцээр”-т /RCEP/ гарын үсэг зурлаа. Ингэснээр дэлхийд хамгийн их хүн амыг хамарсан, хамгийн олон гишүүн оронтой, хамгийн том хөгжлийн нөөц боломжтой чөлөөт худалдааны бүсийг байгуулж чадлаа. Энэхүү хэлэлцээр нь бүс нутгийн эдийн засгийн интеграцид чухал алхам болсон” гэв.

            Тэрээр мөн хэлэхдээ “цар тахал дэлхий даяар тархаж, дэлхийн эдийн засагт хүндрэл бэрхшээл тулгарч, нэг талт болон хамгаалах үзэл улам бүр эрчимжиж байгаа энэ цаг үед тус хэлэлцээрийг байгуулсан нь бүс нутгийн эдийн засгийн сэргэлтийг дэмжээд зогсохгүй дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад тустай” гэжээ.

            Тус хэлэлцээрийг байгуулснаар талууд олон талт байдал, чөлөөт худалдаа, нээлттэй байдлыг тууштай дэмжиж, эрх тэгш хамтаар хожих олон талт худалдааны тогтолцоог бий болгон эв нэгдэлтэйгээр хамтын ажиллагааг хөгжүүлж тулгарч буй сорилтуудыг давна гэдгийг онцлов.

            Хэлэлцээрийн гишүүн орнуудад АСЕАН-ы 10 орон, БНХАУ, БНСУ, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг 15 улс багтаж байгаа бөгөөд дэлхийн хүн амын 3-ны нэг, дэлхийн ДНБ-ий 30 орчим хувийг хамарч байгаа юм.  

Холбоотой мэдээ