Иргэний үүргээ биелүүлж, шинжилгээндээ хурдан хамрагдахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-01 17:51:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хувьд энэ сарын 30-ны өдрийн байдлаар ЭМЯ-ны албан ёсны мэдээгээр батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж 180 болсон. Одоо бид энэ эрчээ алдахгүй байж, дэглэм журмаа ягштал барьж улам их хичээх хэрэгтэй хэмээн аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил энэ өдрийн мэдээлэлдээ онцлон хэллээ.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд 175, Мандалд гурав, Алтанбулаг суманд хоёр тохиолдол байгаа. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд тусгаарлах байранд 299, гэрийн ажиглалтад 140 иргэн байна. Түргэвчилсэн оношлуураар Сүхбаатар суманд 17927, бусад суманд 12382 нийт 30309 иргэнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж. Харин түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаагүй байгаа хүмүүс иргэний үүргээ биелүүлж, хурдхан шинжилгээндээ хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос хүслээ.

Өчигдрийн байдлаар Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гарах чиглэлд дөрвөн орны 30 зорчигч, 27 тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрчээ. Харин Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор орох чиглэлд долоон галт тэрэг, 225 вагон, 14 ажилтан, гарах чиглэлд есөн галт тэрэг, 466 вагон, 18 ажилтан тус тус улсын хилээр нэвтэрсэн байна. 

Холбоотой мэдээ