ААН, айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-12-13 14:30:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Төрийн ордонд танилцууллаа.

Тэрээр, бид хүндхэн цаг үеийг туулж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар ДНБ-ний үйлдвэрлэл 7.3 хувиар буураад байна. Өнөөдөр Засгийн газар хуралдаж зарим нэг шийдвэрийг гаргаж байна. Эдгээр нь манай улсын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй шийдвэр байх гэж үзэж байна. “COVID-19”-ийн халдварын цар тахлын энэ үед улсын хэмжээнд айл өрх, зарим ААН-үүдийн  хэрэглээний эрчим хүч, дулаан, уур ус, усан хангамж, хогны төлбөрийг төр, засгаас хариуцах шийдвэрийг гаргаж байна.

Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоот хуулийн этгээд, уул уурхайн олборлох үйлдвэрлэл, банк, ББСБ, крепто валютын үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, түүний бөөний болон худалдаа эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт болон үүрэн телефоны үйл ажиллагаа эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл, хар төмөрлөг, цементийн үйлдвэрлэл явуулж байгаагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан эрчим хүч, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг 7 сарын хугацаанд Монголын төр хариуцах шийдвэрийг гаргаж байна.

Мөн 100 хүртэлх кв м талбайтай бүх айл өрхийн цахилгааны төлбөр болон дулааны үнийг тэглэж байна. Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж байгааг мэдэгдлээ. Хөнгөлөлт, чөлөөлөлт 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. 

Цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын ашгаас нөхөхөөс болж буйг мэдэгдэж байна. 

Ирэх 7 дугаар сарын 1-нийг хүртэл талх өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүний үнийг нэмэх ёсгүйг тэрээр мэдэгдлээ. 

Засгийн газрын шийдвэрийг танилцуулах мэдээллийн хуралд Засгийн газрын гишүүн сайд, агентлаг, газрын дарга нар, нийслэлийн Засаг дарга болон “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын захирал, удирдах албан тушаалтнууд оролцож байна. 


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ