"Сэтгэлийн үндэс" цэцэрлэгийн шавыг тавилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-06-01 12:31:27

МҮОНРТ-ээс “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг эхлүүлж, энэхүү ажлын хүрээнд дөрвөн томоохон ажлыг зохион байгууллахаар болжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд хүүхдийн цэцэрлэг байгуулах, хүүхдүүдийн сурах орчныг аюулгүй болгож, сургуулийн ойр орчимд гарц тэмдэглэгээг сайжруулах, боловсон бие засах газрын асуудлыг шийдвэрлэх, харанхуй гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгоход анхаарлаа хандуулж, төрөөс ямар нэг татаасгүйгээр олон нийтийн дэмжлэгт тулгуурлан бүтээн байгуулалт хийхээр болсон юм.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын эхлэл болж өнөөдөр БГД-ийн 21 дүгээр хорооны Горькийн 22 дугаар гудамжинд "Сэтгэлийн үндэс" цэцэрлэгийн шав тавих ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-тэй давхцаж буй уг бүтээн байгуулалт ирэх есдүгээр сарын 1-ний өдөр дуусч, цэцэрлэгт хамрагдах боломжгүй гэртээ түгжигдэж суудаг бяцхан хүүхдүүд шинэхэн цэцэрлэгтэй болно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ