ӨВЛИЙГ ҮГҮЙЛНЭМ

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2021-01-09 17:24:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

Улаангомынхоо өвлийг үгүйлнэм
Улбар ягаан охидыг нь үгүйлнэм
Нусаа хацартаа нааж явахдаа
Нуугдаж харсан эгч нараа үгүйлнэм


Яруу найрагч Я.Баяраагийн нэгэн сайхан шүлгийн эхний дөрвөн мөр нь энэ юм. “Таслал” нэртэй түүвэрт нь дээрх шүлэг багтсан бөгөөд уг номоороо “Монголын зохиолчдын эвлэл”-ээс уламжлал болгон зохион явуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын яруу найргийн төрөлд шалгарсан билээ.


Дээрх мөрүүдийг унших бүрийд бага нас минь санагдана. Би ч бас нусаа улаан хацартаа нааж сумын төвийн эгч нараа хашааны завсраар сэмхэн харуулддаг байснаа бодоод “түс хийтэл” инээгээд авлаа. “Хүүш яаж байна” гээд эмээ шиг минь хэлчих хүн дэргэд үгүйд дотроо жаахан гунигласхийв. Тэгснээ “Батноровынхоо өвлийг үгүйлнэм, банзан хашааны завсраас нуугдаж харсан эгч нараа үгүйлнэм” гээд чангаас чангаар уншаатахлаа.


Ийн мунхаглан суугаа минь их учиртай. Арван таван жилийн өмнө юмдаг уу даа. 2002 онд анх сургуульд орж байсан үе минь санаанаас ер гардаггүй юм. Цэцэрлэгт байхаасаа нэгээс арвын хооронд нэмж, хасчихдаг, ганц хоёр үг уншчихдаг байсан өнөөх мундаг жаал чинь анхныхаа хичээл дээр тооны дэвтрийнхээ нүдийг алгасалгүй биччихдэг байгаа. Ээж, аав хоёр минь хөдөөнөөс ирчихсэн. Хүүгийнхээ анхны хичээлийг тарахад нь очиж автал багш “Хүү чинь нүд алгалсалгүй шамбааралдсан юм бичээд байна. Анхаараарай” гэж байна. Сургуульд сурсан хугацаандаа анхны бөгөөд эцсийн удаа ээжийнхээ чихнээс хонх уясан минь тэр. Ээж ч “Чиний мундаг, мундаг гээд байсан хаана байна. Зунжингаа тоогоо бодохгүй зураг зураад, ах нарынхаа номноос уншаад үгэнд орохгүй байдаг байсан” гээд л цөөн хэдэн үгээр боловч чангахан дуугаар зэмлэх нь тэр. Аав харин “Яахав дээ, аав шигээ бичиг номонд жаахан тааруу л хүн байгаа биз” гэж өмөөрөнгүй аястай дуугарч байсныг нь одоо бодох бүртээ би өрөвддөг. Ингэж ээждээ зэмлүүлэн алхаж явахдаа хажуугаар сугадалцан зөрсөн хажуу хашааныхаа хоёр эгчийг харж билээ. Уг нь би чинь эр хүний нүдээр эмэгтэй хүний сайхныг бишрэн бахдах нас хүрээгүй явсан нусгай пацаан шүү дээ. Гэнэтхэн л “Эрдэм номтой болоод энэ хоёр эгчийн нэгэнтэй гэрлээд ээждээ үнсүүлэх үед намайг өдийд ингэж загнаж явснаа мартчихсан байх болов уу даа” гэж насандаа ахадсан бодол тээсээр гэртээ оров.


Ээжийн уур гайгүй болоотохжээ. Зургийн дэвтрээ гаргаж ирээд “Багш хичээл дээр “Намар” гэсэн сэдвээр зураг зуруулсан. Миний зурсан зураг” гээд ээжид үзүүлэв. Аав, ээж хоёр “Их хөөрхөн болжээ” гээд л инээмсэглэн ширтэж сууна. Ингэж тэднийгээ баярлуулж баатар эрийн дүрд хувирсан жаалхүү хажуу хашааныхаа хоёр эгчийг бүжгийн дугуйлангаасаа ирэх замыг нь тосч байгаад шуудхан яваад очив оо. Хэрдээ л бүдүүн хоолойгоор “Сайн байна уу, эгч нараа” гэж хэлчихээд “эгч” гэж дуудсандаа баахан ичив. Уг нь зориглож очоод танилцах санаатай байсан юм шүү дээ. Нэг нь “Сайн, сайн Бал ахын шар хүү юу гэж явна даа, дахиад бөмбөг гуйх гэж байгаа юм уу?” гэтэл нөгөөх нь “Хашааны урд буланд бий, очоод авахгүй юу” гэснээ “хөөрхөн шүү” гээд хацар дээр үнсчих нь тэр. Би ч шуудхан л “Эрдэм номтой хүн болоод та хоёрын аль нэгэнтэй нь гэрлэнэ” гэвэй. Харин өнөөх хоёр элгээ хөших шахам инээлдсэнээ “За яахав, чи уншиж сураад надад гоё шүлэг зохиож өгөөрэй. Тэгээд бас “Монте Кристо Гүн” гэдэг зохиол аймгаас авчруулаад өгвөл чамтай сууна аа” гээд инээлдсэн чигээрээ яваад өгч билээ. Одоо надад тэгж хэлсэн эгч үүнийг санадаг уу, үгүй юу бүү мэд. Ямартай ч миний бичсэн шүлгүүдийг уншиж, гаргасан номыг минь дуртай нь аргагүй худалдан авдаг юм. Тэр хөөрхөн эгчийг ийн хэлсэн даруй би монгол хэл, уран зохиолын хичээлдээ багаасаа шамдаж, шилдэг сурагч болоод аймаг орж “Монте Кристо Гүн”-ийг авахын тулд, олон гоё хайрын шүлэг зохиохын тулд номтой ойр нөхөрлөж эхэлж билээ.


Шүлэг найрагт дурлаж, номонд шимтүүлсэн тэр сайхан эгч нарыгаа одоо ч би дүүгийн сэтгэлээр хайрлан явдаг. Тэд надад “Юун сонин юм ярьдаг хүүхэд вэ, жаахан байж хүмүүжилгүй гэдэг нь” гэж хэлээд өнгөрсөн бол би өдийд тэс өөр мэргэжилтэй, тоо, шинжлэх ухаанд хоббитой хүн болчихоод сууж байх байсан ч юм бил үү, хэн мэдэхэв.


Сайхан ч хорвоо юм даа. Санамсаргүй зүйлсээр дүүрэн, түүнийгээ санаа сэтгэлд тодоор сийлж үлдээдэг. Тэрхүү гайхам учралын тухай дурсамжууд алс тэртээд гээгдэж үлдээд, бүдгэрэн байх мөчид “Нусаа хацартаа нааж явахдаа, Нуугдаж харсан эгч нараа үгүйлнэм” гэж гэгээн тунгалаг найрагчийн ариун мутраар бичүүлж өнөөх дурсамжуудыг улам тодосгож орхидог байна шүү.



“Чандага цагаан өвлөө дурсахад
Хундага хундага гуниг төрнөм
Хөлчүү нийслэлийн давчуу булангаас
Хөгшрөлийг сугадан гэртээ харьнам”.


Уг шүлэг ингэж төгсдөг. Өдийд Я.Баяраа найрагчийн нутаг Увсын хөх уулсын дунд чандага цагаан өвөл нь урган дэлбээлчихсэн байгаа. Сумын төвийн улаахан хацарт багачуулын цовоо цолгиун дуу хундага гуниг төрөм өвлийн аниргүйг цочоож бодлогошрон суусан залуухан хархүү цочин босч хүүхдүүдийг харан баясахдаа өөрийгөө хөгширчихсөн мэт төсөөлөн зогсоо доо. Басхүү нутагт минь ч чандага цагаан өвөл болж байгаа.


Эх орны минь дөрвөн зүг, найман зовхист яруу найрагчийн бичсэн шиг, бутны дэргэд зүүрмэглэн хэвтээ чандага шиг нам гүмхэн, гэнэт босон харайх шиг тас няс хийсэн өвөл болж байгаа. Би ч бас Батноровынхоо өвлийг үгүйлнэм. Багадаа нуугдаж харсан эгч нараа ч үгүйлнэм. Согтуу хүн шиг хөл хөдөлгөөн, чимээ шуугиан ихтэй нийслэлээс хөгширсөн хүнийх шиг бодлоо гээж орхиод хүүхэд шиг дэгэн дэрвэсээр гүйгээд очмоор санагдана. 

Холбоотой мэдээ