Зорилтот бүлгийн мянган малчин өрхөд тусламжийн багц хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 16:35:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зудын эрсдэл ихтэй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн  53 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд тусламж хүргэх цуваа өнөөдөр орон нутаг руу хөдөллөө. 


НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж байгаа “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд малчдад 405 тн хорголжин тэжээл, 50 тн уургаар баялаг рапсын шахдас, 5 тн амин дэм эрдсийн нэмэлт хүргэх юм. 


Өвөлжилт хүндэрсэн 6 аймгийн зорилтот бүлгийн малчид буюу хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй, малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, отор нүүдэл хийх бүл цөөн, нийгмийн зорилтот бүлгийн  1000 өрхийг сонгон амьжиргааны хөрөнгийг хамгаалах хүмүүнлэгийн яаралтай тусламжийг үзүүлж байгаа юм. 


ЗТХЯ тусламжийн цувааг аян замдаа саадгүй хүрэхэд мэргэжлийн хяналт, удирдлагаар хангаж байгаа. Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд  гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн нөөц боломжийг олон улсад мөрддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөөд байгаа аж.


Монгол Улсад хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүмүүнлэгийн багийг ахалдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага  (FAO) нь сүүлийн таван жилд зудад нэрвэгдсэн 21,240 малчин өрхийн амьжиргааг  хамгаалахад 2.4 сая ам.долларын хүмүүнлэгийн яаралтaй тусламжийг олгожээ.

 

Холбоотой мэдээ