Сэкиваке Тэрүнофүжи маргааш Озэки Шодайтай барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-22 17:10:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 13 дахь өдрийн барилдааны дараа Дайэйшёо /М-1/ 11 даваатай болж, Озэки Шодайгийн хамт башёг тэргүүлж байна.


Тэрбээр, энэ өдөр Рюүдэн /М-6/-тэй барилдан, түүнийг ошидаши мэхээр хаяж 11 даваа, 2 унаатай болсноор, өнөөдөр даваагаа ахиулсан Озэки Шодайтай унаа, даваа тэнцүү явна.


Хацү башёг тэргүүлэгч энэ 2 бөхийн ард Озэки Асанояама, Сэкиваке Тэрүнофүжи, Ичиножёо /М-12/, Котоновака /М-15/ нарын 4 бөх 9 даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм.


Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров, Саданоүми /М-17/-г ёрикири мэхээр давж 9 даваа, 4 унаатай болсон бол Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Тэрүцүоши/М-12/-г хатакикоми мэхээр давснаар 7 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Шиманоүми /М-10/-тэй барилдан, түүнийг үчигаке мэхээр хаяж, 8 даваатай болж, гачикоши буюу 50 хувийн амжилтаа хийлээ.  


Мөн Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Эндо /М-5/-той барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 9 даваа 4 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Комүсүби Такаясүтэй барилдан, түүнд цүкидаши мэхээр ойчиж 8 унаатай болов.


Хацү башёгийн 13 дахь өдөр Озэки Шодай, Сэкиваке Таканошо-г хатакикоми мэхээр хаяж, 11 дахь даваагаа авсан бол Озэки Асанояама, Окиноүми /М-5/-г ёрикири мэхээр унагаж 9 даваа, 4 унаатай болов.


Маргааш Ичиножёо А.Ичинноров, Такарафүжи /М-2/-тэй, Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-8/, Мидорифүжи /М-14/-тэй, Хошёорюү С.Бямбасүрэн /М-14/, Тобизарюү /М-7/-тэй, Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озэки Шодайтай барилдах бол Тамаваши Б.Мөнх-Оргил /М-4/, Дайэйшёо /М-1/-той тус тус барилдана.

Холбоотой мэдээ