Төвлөрлийг сааруулж, хотуудыг зэрэглэж ангилах төлөвлөгөө боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-02 18:58:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн явцтай танилцаж, төлөвлөлтийн шийдлийг боловсруулах ажлыг сайжруулах үүрэг өглөө.


“Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” (ХАНСХЕТ)-ийн хүрээнд байгалийн нөхцөл, нөөцийн үнэлгээ, нутаг дэвсгэрийн болон хот суурин газрын түвшинд хийсэн хот байгуулалтын үнэлгээ, 2040 он хүртэлх төлөвлөлтийн шийдлийн хувилбарын урьдчилсан төсөөллөө БХБ-ын сайд Б.Мөнхбаатар болон тус яамны газрын дарга нарт танилцууллаа.


ХАНСХЕТ нь 2040 онд 4.5 сая болж өсөх Монгол Улсын хүн амыг оршин суугаа газартаа эрүүл, аюулгүй, ая тухтай, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх, хүн амын суурьшил, хот байгуулалтын орон зайн оновчтой төлөвлөлт бий болгох зорилготой.


Тухайлбал, хүн ам суурьших нутаг дэвсгэрийн боломжит даацын үнэлгээг аймгуудаар шинэчлэн гаргажээ. Мөн нийслэлийн усны нөөц хангамж 2038 онд хомсдох эрсдэл бий.


Говийн бүсийн тухайд Ханбогд, Цогтцэций суурьшлын бүсийн хотжилт, Тавантолгой дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах, зэс хайлуулах үйлдвэр, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, авто замын тээвэр логистикийн хөгжилтэй уялдаад гүний усны одоогийн нөөц нь хангалтгүйг харгалзаж, Орхон-Говь, Хэрлэн-Говь төсөл хэрэгжүүлэн гадаргын ус дамжуулах хоолойгоор говийн бүсийг усаар хангах нь тогтвортой хөгжлийн бодлогод нийцэхийг төслийнхөн танилцуулав.


Төлөвлөлт шийдлийн хүрээнд хотуудын зэрэглэл, ангилал, засаг захиргааны статусыг оновчтой тодорхойлох юм. Нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийн хувьд бүлэг суурингийн төв, зам тээврийн босоо, хэвтээ үндсэн, дэд тэнхлэг тогтоож, нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулан, шилжилт хөдөлгөөнийг дагуул болон хоёрдогч хотод оновчтой байршуулах санал боловсруулна.


БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “Эдгээрт хөрш орнуудын орон зайн хөгжлийн төлөвлөлт, эдийн засаг, нийгэм, байгалийн нөхцөл, нөөц, дэд бүтцийг цогцоор нь уялдуулж, холбогдох мэргэжлийн байгууллага, ажлын хэсэг, яам, агентлагуудаар хэлэлцүүлж, саналыг 4 дүгээр сарын эхээр дахин танилцуулах” үүрэг өгөв. 

Холбоотой мэдээ