Засаг дарга Д.Сумьяабазар Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумьяабазар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатарт дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжүүлж, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын түгжрэлийг багасгахад хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.
Хотын дарга цаашид талуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хотын нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт руу чиглэсэн шинэ Их тойруу замын бүтээн байгуулалт, Энхтайваны гүүрийн шинэчлэл, нүхэн гарцуудыг олшруулах зэрэг дэд бүтцийг сайжруулахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.
Элчин сайд Чай Вэнруй хэлэхдээ “Цар тахлын хүнд нөхцөл байдалд Монгол, Хятад хоёр улс хөрш орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгож, Монголчууд сэтгэлийн тусламжа Хятадын ард түмэнд хандивласанд сэтгэл хангалуун байдаг. Миний бие Элчин сайдын хувьд Хятад, Монголын ард түмний найрсаг харилцаа, орон нутаг, хотуудын бодит хамтын ажиллагаа, Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтарч ажиллахад бэлэн” гэлээ.