АНУ-д нүүр, гар шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-05 11:46:51

ЛОНДОН. /BBC/. Нью-Йоркийн эмч нар нүүр, хоёр гар шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийжээ.


Өнгөрсөн оны 8 дугаар сард 140 хүний оролцоотой хийгдсэн энэхүү мэс заслыг Жо Димео гэдэг хүнд хийсэн бөгөөд мэс засал 23 цаг үргэлжилсэн байна.


Жо Димео 2018 онд автомашины осолд орсны улмаас биеийнх нь 80 орчим хувь нь түлэгдэж, гуравдугаар зэргийн түлэгдэлттэй гэж оношлогджээ. Шөнийн ээлжинд гарсныхаа дараа тэрбээр гэртээ харих замдаа жолооны ард зүйрмэглэсэн нь осол гарах шалтгаан болсон байна. Ослын улмаас Жо Димео уруул болон зовхигүй болсноос гадна хурууны үзүүрүүдийг нь тайрахаас өөр аргагүй болжээ.


Жо түлэнхийн тасагт дөрвөн сар хэвтэж түүнд 20 гаруй удаа гоо сайхны мэс засал хийсэн ч гар болон нүүрнийх нь хөдөлгөөнийг бүрэн сэргээж чадаагүй аж.


Өвчтөнийг 2019 онд Нью-Йоркийн “NYU Langone” эмнэлгийн төвд хүргэж, нэг жилийн дараа гар, нүүр шилжүүлэн суулгах мэс засалд оруулжээ.


“Надад донор болсон хүний нэг хэсэг миний дотор байгаа нь донорын гэр бүлийнхний нь сэтгэлийг тайвшруулна гэж найдаж байна. Надад хоёр дахь боломж олдсонд тун баяртай байна” хэмээн Жо мэс заслын дараа ярьсан байна. 


“Бидний хийсэн мэс ажилбар зөвхөн гадаад төрхийг сайжруулаад зогсохгүй нүүрний эрхтэн тэр дундаа гарын ажиллагааг сайжруулахад чиглэсэн” хэмээн мэс заслын хөтөлбөр хариуцсан дарга Эдуардо Родриге мөн мэдэгджээ. 


Анх удаа амжилттай хийгдсэн мэс засал

"Өдөр бүр таван цаг физик эмчилгээ хийлгэж буй Жо Димео надтай таарч байсан өвчтөнүүд дундаас хамгийн зориг тэвчээртэй нь юм. Тэрбээр спортоор хичээллэх, гольф тоглох маш их дуртай. Түүнчлэн хүнд юм өргөх, шахалт хийхдээ хэчнээн их хүч гаргаж байгаа нь намайг гайхшруулдаг” хэмээн Родригес эмч ярьжээ.


Жо Димеод хийсэн хагалгаа нь эмч нарын нүүр, хоёр гар шилжүүлэн суулгасан анхны амжилттай хагалгаа аж. Өмнө нь эмч нар ийм төрлийн хагалгааг хоёр удаа хийхийг оролдож байсан ч хоёул амжилтгүй болжээ. Нэг өвчтөн нь хүндрэлийн улмаас нас барсан бол өөр нэг өвчтөнд шилжүүлэн суулгасан шинэ гар нь хөдөлгөөнд дасал болохгүй байсан учир буцааж тайрахаас өөр аргагүй болжээ.


Харин энэ удаад Жо Димеогийн бие шилжүүлэн суулгасан эрхтнүүдийг хүлээж авсан учир хагалгааг амжилттай болсон гэж үзсэн байна. 

 

Холбоотой мэдээ