Нийт мал сүргийн 10 хувийг ээмэгжүүлжээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-02-16 21:56:51

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг нийт мал сүргийнхээ 10 хувийг ээмэгжүүлж, нэгдсэн программд бүртгээд байна. Тодруулбал, 2011 оноос эхэлсэн дээрх ажлын хүрээнд 2.3 сая толгой мал ээмэгжүүлэхээс өнөөдрийн байдлаар 229 мянган толгой малд код бүхий ээмэг зүүжээ. Өнгөрсөн онд л гэхэд Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Хөлөнбуйр, Матад, Халх гол зэрэг долоон сумын 2771 толгой малыг ээмэгжүүлсэн гэж ХХААГ-аас мэдээлэв.

Малыг ээмэгжүүлж бүртгэлжүүлснээр гарал үүсэл нь тодорхой болж, ашиг шим сайжирч, удам зүйн үнэлгээ хийхэд дөхөм болдог учир үржил селекц явуулахад ч хэрэгтэй болдог аж. Түүнчлэн мал эмнэлгийн тарилга үйлчилгээнд хэдийд хамрагдсаныг тодорхой болгосноор хүнсний аюулгүй байдал, цаашлаад мах, махан бүтээгдэхүүнийг экспортод гаргахад эерэг нөлөө үзүүлэх юм.  

Тухайлбал, Хэрлэн сумын гуравдугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Наранбүрд" ХХК нь 1992 оноос сүүний чиглэлийн Талын улаан үүлдрийн үнээг өсгөн үржүүлж байгаа. Эднийх жил бүр 10 үнээ ээмэгжүүлэх захиалга өгч, ээмэгжүүлсэн малын жагсаалтаа ХХААГ-т хүргүүлснээр бүртгэл мэдээллийн санд оруулж хэвшжээ. Үүний үр дүнд малын хулгайгаас сэргийлж, хэрэглэгчдээ эрүүл, баталгаатай хүнсээр хангах боломж бүрдэж байна. Малчид сумынхаа ХАА-н тасагт тусгай кодтой ээмэг захиалах боломжтойг ХХААГ-аас зөвлөлөө.


Холбоотой мэдээ