Хүний нөөцийн судалгааны дүнг танилцуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-02-24 17:09:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “ВМЛ Уай энд Ар Монголиа” ХХК-ийн судалгааны баг Дундговь аймгийн хүний нөөцийн өнөөгийн байдлыг тодорхойлсон судалгааны дүнгээ цахимаар танилцууллаа.

Энэхүү цахим уулзалтад тус аймгийн хүний нөөцийн бодлого боловсруулах ажлын хэсэг, MERIT төслийн баг, “ВМЛ Уай энд Ар Монголиа” ХХК-ийн ажилтнууд оролцож, судалгааны үр дүнгийн тухай сонсож, харилцан санал солилцсон.

Судалгааны дүнг тус компанийн судалгаа хариуцсан захирал Б.Лхагвасүрэн, компанийн захиргаа, хүний нөөцийн менежер С.Аззаяа нар танилцууллаа.

Тус судалгааг Канадын Засгийн газрын санхүүжилттэй MERIT төслийн хүрээнд “ВМЛ Уай энд Ар Монголиа” ХХК өнгөрсөн оны 3-9 дүгээр сард 3161 төрийн албан хаагчийг хамруулан зохион байгуулсан байна.

Судалгааны үр дүнд тус аймгийн төрийн албан хаагчдын анкет бүртгэл, тоон мэдээллийг авч, алба хаагчдын сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлон, тэдний ур чадварыг үнэлэх аргачлалыг гаргаж, түүвэр байдлаар үнэлгээ хийн, туршиж үзжээ.

Дундговь аймгийн хувьд нийт албан хаагчдын 31 хувь нь эрэгтэй, 69 хувь нь эмэгтэй бөгөөд үндсэндээ төрийн албанд ажиллаж байгаа ажилтнуудын хувьд хүйсийн тэнцвэртэй байдал алдагдсан байна.

Мөн төрийн албан хаагчдын дөрвөн хувь нь өндөр насны тэтгэвэрт, хоёр хувь нь хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр тогтоолгосон албан хаагчид байгаа ба тэтгэвэр тогтоолгосон ч ажиллаж буй албан хаагчдын хувьд дараагийн ажиллах боловсон хүчин байхгүй байгаа учраас энэ ажлаа түр орлон гүйцэтгэж байгаа ажээ.

Судалгааны дүнгээс харахад аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын сул орон тооны эзлэх хувь найм байгаа бол суманд  энэ нь зургаан хувьтай байна. Энэхүү үзүүлэлт Цагаандэлгэр, Луус Говь-Угтаал суманд өндөр байсан байна.

Мэдээлэл цуглуулах явцад сул буюу дутагдалтай байгаа орон тооны шалтгаан нь өмнөх албан хаагч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, мэргэжлийн боловсон хүчин дутмаг, сонгон шалгаруулалт зарлахад тохирох мэргэжилтэн олдохгүй, ажлын байрны захиалга өгснөөс хойш төрийн албаны шалгалт зарлаагүй удсан зэрэгтэй холбоотой байгаа аж.

Судалгааны багийн зүгээс төрийн албан хаагчдын ажлын байран дахь сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлохдоо Олон улсад хэрэглэдэг HiPO аргачлалыг ашиглажээ.

Энэхүү аргачлал нь аливаа байгууллагын гүйцэтгэл өндөр байх нь ажилтан, албан хаагчид төдийгүй иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр байхад нөлөөлдөг ба энэ нь байгууллагын нэр хүнд, амжилтад хамгийн чухал нөлөөтэй байдаг хэмээн үздэг арга зүй юм.

Энэ арга зүйгээр албан хаагчдын идэвх оролцоо, байгууллагын чадавх, манлайлал, зорилго, стратеги гэсэн дөрвөн асуудлын хүрээнд сэтгэл ханамжийн байдлыг тодорхойлж, энэхүү үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн HiPO индекс 82 хувьтай үнэлэгдсэн аж.

Энэхүү үзүүлэлтийг дэлхийн дундаж жишигтэй харьцуулахад түүнээс өндөр гарсан байна.

Дундговь аймгийн төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн байдал дэлхийн дундаж жишигтэй харьцуулахад өндөр байгаад юу нөлөөлж байгаа талаар тодруулахад, судалгааны багийн ахлагч Б.Лхагвасүрэн “Энэхүү судалгааг Монгол Улсын хэмжээнд Дундговь аймагт анх удаа хийж байгаа гэдгээрээ онцлогтой. Бусад аймаг, нийслэлд ийм судалгааг өмнө нь хийж байгаагүй учраас Монголдоо харьцуулах үзүүлэлт байхгүй, нөгөө талаас аймгийн төрийн албан хаагчид өөрсдөө ингэж үнэлсэн нь тухайн нутаг орон, хүмүүсийнх нь зан төлөвийн онцлогтой холбоотой болов уу” гэсэн хариултыг өгсөн.

Энэ үеэр судалгааны багийн зүгээс нэгдсэн дүгнэлт, зөвлөмжийг танилцуулсан ба аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат судалгааны багийн хамт олонд талархсанаа илэрхийлээд, энэхүү суурь судалгаан дээр үндэслэн аймгийнхаа хүний нөөцийн бодлогыг тодорхойлон, эргээд та бүхэнтэй холбогдож, үр дүнгээ танилцуулна гэдгээ мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ