Төлбөрийн тэнцэл 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 786.9 сая ам.долларын ашигтай байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-25 10:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төлбөрийн тэнцэл 2019 онд 452.9 сая ам.долларын ашигтай байсан бол 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оныхоос 334.0 сая ам.доллароор ихсэж, 786.9 сая ам.долларын ашигтай байна.

Мөн төлбөрийн тэнцэл 2020 оны 12 дугаар сард 777.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 474.0 сая ам.доллароор өсжээ.


Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 433.0 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оноос 1.7 (80.0 хувь) тэрбум америк доллароор багасав.

Үүнд үйлчилгээний худалдааны тэнцэл 1.4 тэрбум, анхдагч орлогын данс 1.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлжээ. Урсгал данс 2020 оны 12 дугаар сард 27.1 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 267.5 сая ам.доллароор багаслаа.  


Үйлчилгээний худалдааны орлого 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 632.7 сая, зарлага 2.1 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оныхоос 600.1 сая, зарлага 1.2 тэрбум ам.доллароор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв

Холбоотой мэдээ