Сүхбаатар аймагт ирэх 7 хоногоос нөөцийн мах худалдаанд гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-10 17:16:12

"Сүхбаатар Мах маркет" компани нөөцийн мах бэлдэх ажлаа өнгөрсөн оны 11 сараас дахин эхлүүлэн нэг тэрбум 300 сая төгрөгөөр 300-400 тонныг бэлдсэн бөгөөд ирэх долоо хоногоос худалдаанд гаргах гэж байна.

Монгол Улсын Засгийн Газраас Мах хөтөлбөрийг хэрэгжүүлж улсын хэмжээнд 7 компани сонгон шалгаруулсан бөгөөд үүний нэгээр "Сүхбаатар Мах маркет" компани шалгарсан. Ингээд Улаанбаатар хот болон аймаг орон нутгийнхаа ард иргэдэд нөөцийн махыг нийлүүлж эхэлсэн байна.

Нөөцийн махыг  Мах хөтөлбөрийн хүрээнд заасны дагуу зах зээлийн үнээс хямд үнэтэй байна. Үхрийн мах 1кг нь 5400, хонины мах 5100, ямааны мах 4500 төгрөгөөр худалдаалах юм.

Ирэх жил эднийх компани  5,2 тэрбум төгрөгний мах бэлтгэнэ. Хамгийн гол нь аюулгүй цэвэр орчинд эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх учраас махаа өөрсдөө бэлтгэхийг зорьж байгаа ажээ. Иймээс үйлдвэртээ махаа бэлтгэдэг болохоор мах боловсруулах цехийн барилга угсралтын ажил эхлээд байгааг "Сүхбаатар Мах маркет" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан хэллээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ