Дэлхий дээр 15 мянга гаруй цөмийн цэнэгт хошуу байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСТОКГОЛЬМ. /NHK/. Хүйтэн дайн дуусах үед буюу 1990 онд дэлхий даяар 60 мянга орчим цөмийн цэнэгт хошуу байсан тухай Стокгольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ.
АНУ болон хуучин ЗХУ-ын удирдагчид 2000 онд “Стратегийн зэвсгийг хорогдуулах гэрээ” буюу “START-I”-т гарын үсэг зурснаас хойш дэлхий дээрх цөмийн цэнэгт хошууны тоо 50 хувиар бууран 31 мянга орчим болсон байна. Харин энэ тоо 2010 он гэхэд 22 мянга болон цөөрчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Прага хотноо үг хэлэхдээ "цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгоно" гэж амласнаас хойш нэг жилийн дараа 2010 онд АНУ, ОХУ хоёр шинэ “START” гэрээнд гарын үсэг зурснаар цөмийн зэвсгийг хорогдуулах хүчин чармайлт идэвхижсэн юм.
Тус хүрээлэнгийн мэдээлэлд дурдсанаар, энэ оны нэгдүгээр сарын байдлаар АНУ-д өмнөх оны мөн үеийнхээс 260 гаруйгаар цөөн буюу 7000 цөмийн цэнэгт хошуу байсан бол ОХУ-д нэг жилийн өмнөхөөс 210-аар цөөн буюу 7290 цөмийн цэнэгт хошуу байжээ.
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд гарын үсэг зурсан улсууд болох Францад 300, БНХАУ-д 260, Их Британид 215 цөмийн цэнэгт хошуу байна.
Түүнчлэн Пакистанд 110-130, Энэтхэгт 100-120 цөмийн цэнэгт хошуу бий гэсэн тооцоо байдаг бол Израиль улс 80 орчим цөмийн цэнэгт хошуутай ажээ.
Харин Умард Солонгост 10 цөмийн цэнэгт хошуу хийхэд хүрэлцэхүйц цөмийн бодисууд байж магадгүй гэж Стокгольмын хүрээлэн таамаглаж байна.
Г.Доржханд