Орон нутгийн иргэд явуулын эмнэлгээр үйлчлүүлэх боломж бүрдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-14 10:32:11

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЭМС-ын  сайд С.Ламбаа энэ  сарын  09-12-нд  Архангай, Завхан аймгийн алслагдсан сумдад ажиллалаа.

Энэ үеэр Архангай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Булган аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга нар, эмч, бага эмч, сувилагч нарт орчин үеийн дэвшилтэт зөөврийн утасгүй оношилгооны багаж тоног төхөөрөмж гардуулан өглөө. Энэхүү багцад ухаалаг утас таблет дэмжиж ажилладаг утасгүй  зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, электрод дамжуулагч цавуулаг гидрогел, зөөврийн ЭХО сканнер, цусны даралт хэмжигч, зөөврийн зориулалтын цүнх багтжээ.

ЭМСЯ нь ДЭМБ, "Пилл ин Нийд" Чех улсын олон улсын байгуулага болон Каритас олон улсын байгууллагын дэмжлэгтэй "Явуулын Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах" төслийг  2016 онд 12 аймаг, 3 дүүргийн сум, өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллагсдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах, зөөврийн /wireless/ холбогч утас шаардлагагүй эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглах үр дүнг үнэлэх, халдварт бус өвчний сэргийлэлт, хяналтын талаар мэдлэг болон улсын хэмжээнд алслагдсан хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн оношилгооны цахим мэдээллийн санг бүрдүүлэх боломж бүрдэж буй юм.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ