С.Амарсайхан: Төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн 30 хувь нь ажлын байранд ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн ажлын байранд нийт ажилчдын 30 хувиас дээш хүн цуглахгүй, аль болох цахимаар ажлаа хэвийн явуулах шийдвэр гаргасан тухай Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэв.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улаан" түвшинд шилжихгүй буюу хөл хорио тогтоолгүйгээр зарим аж ахуйн нэгжийн ажлыг хязгаарлах шийдвэр гаргасныг өмнө нь мэдээлсэн. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, "Засгийн газраас аж ахуйн нэгж, өрхийн орлогыг таслахгүй, эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах бүх боломжит хувилбарыг тооцож, халдварын тархалтыг хумих арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна. Долоо хоног бүр эрсдэлийн үнэлгээ хийж, түүнд тулгуурлан цаг тухай бүрт нь зохицуулалт хийж, шийдвэр гаргана. Аль болох хатуу хөл хорио тогтоохыг урьтал болголгүй асуудлыг шийдвэрлэж байна" хэмээсэн юм.
Ирэх сарын 1-ний дотор нийслэлийн насанд хүрсэн нэг сая иргэнийг вакцины эхний тунд хамруулах, долоодугаар сарын 1 гэхэд нийт хүн амаа дархлаажуулах төлөвлөгөөтэй ажиллах юм.