Өсвөр насныханд зориулсан зөвлөгөө мэдээллийг цахимаар түгээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-04-01 15:27:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улс дахь НҮБ-ын Хүн амын сан, Юнител групп өсвөр насныханд технологийн инновац ашиглан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний  хүртээмжийг нэмэхэд хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.


Энэ хүрээнд НҮБ-ын Хүн амын сангаас санаачлан хөгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх “Мандухай” цахим чатбот үйлчилгээг хүргэнэ. Уг чатботоор дамжуулан өсвөр насны охид, хөвгүүд хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг авах боломжтой. Мөн тэдний хувийн нууцыг чандлан хамгаалж, тэдэнд шаардлагатай үйлчилгээнд зуучилж  өгөх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой аж. Чатбот үйлчилгээг цаашид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хөгжүүлэх юм.


Юнител групп нь “Зөв харилц +13” нийгмийн хариуцлагын төслийнхөө хүрээнд “Мандухай” цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэх, хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч хоорондын эргэх холбоог тасралтгүй, найдвартай байлгах зорилгоор гурван жилийн хугацаанд  300 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр туслах юм.


Mонгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава,  “Өсвөр насныхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хаанаас авахаа мэдэхгүй байна. 15-19 насныхны дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ буюу төрөхөөр төлөвлөөгүй боловч жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл ашигладаггүй залуус 36 хувь  байгаа нь бусад насны бүлэгтэй  харьцуулахад  харьцангуй өндөр тоо юм. Энэ насныхан бүгд Фейсбүүкт бүртгэлтэй буюу 97 хувь нь ухаалаг гар утастай. Утсаараа эсвэл сургуулийн компьютероор интернэтэд нэвтэрдэг бөгөөд өдөрт дунджаар 2-6 цагийг фейсбүүк орчинд өнгөрөөж байна. Тиймээс интернэт нь тэдэнд хүрэх гарц юм.”


Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат хэлэхдээ, “Хөдөө орон нутгийн алслагдсан сум, сууринд амьдарч буй өсвөр насныхан өөрсдөд нь чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээг авахаар хол замыг туулж, цөөнгүй тохиолдолд шаардлагатай үйлчилгээг авч чаддаггүй. Тэгвэл эдгээр асуудлыг мэдээллийн технологийн тусламжтай шийдэж байгаа нь төслийн хамгийн том ололт гэж үзэж байна” гэв.

Холбоотой мэдээ