Олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-06 13:55:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын аж үйлдвэрийн "Иннопром” үзэсгэлэнг цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран ОХУ-ын Екатеринбург хотноо энэ оны долдугаар сарын 6-9-нд зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ.


Үзэсгэлэн нь гадаад, дотоодын компани, бизнес эрхлэгчдэд өөрсдийн шинэ технологи, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын төслийг танилцуулах, аж үйлдвэрлэлийн салбарын ололт, амжилтыг дэлгэх, экспорт, импортод дэмжлэг үзүүлэх ОХУ дахь томоохон талбар болжээ.


Энэ үеэр зохион байгуулдаг чуулганы нэгдсэн хуралдаан, дугуй ширээний уулзалт, бизнес уулзалтхэлэлцээр, мастер-анги зэрэг үйл ажиллагаанд олон орны бизнес эрхлэгч, шинжээч, эрдэмтэн, улс төрчид оролцдог уламжлалтай.


Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд борлуулахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээрийн ангиллын код зэрэг мэдээллээ УУХҮЯ-нд бичгээр эсвэл anun@mmhi.gov.mn цахим шуудангаар энэ сарын 13-наас өмнө явуулах аж.


ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамнаас 2010 онд “Иннопром” үзэсгэлэнг Екатеринбург хотноо анх зохион байгуулж, 2012 оноос үзэсгэлэн бүр өөрийн гэсэн уриа, сэдэвтэй болж тухайн ондоо ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр холбооны статустай, 2013 онд олон улсын статустай болжээ.

Холбоотой мэдээ