“ЭТТ Бонд”-ыг Монголын Хөрөнгийн биржээр амжилттай арилжлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-04-12 16:53:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан “ЭТТ Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгууллаа. 

Тодруулбал, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн орлогоор баталгаажсан 100,000 төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай “ЭТТ Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 9-нд гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авч, арилжлаа. 

Үнэт цаасны арилжаанд нийт 973 иргэн, ААН оролцож, 2.7 сая захиалга ирүүлснээр 347.7 тэрбум төгрөг, банкуудын дахин санхүүжилтийн гэрээний дагуу 330 тэрбум төгрөг буюу нийт 677.7 тэрбум төгрөгийн багцын санхүүжилтийг бүрдүүлсэн байна. 

СЗХ-ноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсон гэж шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагчдын өрийн хэрэгсэл авч чадаагүй үлдсэн мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ