Дарви сумынхан гялгар уутны хэрэглээний талаар судалгаа хийв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-15 16:20:58

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви сумын зарим бүтээлч эмэгтэйчүүд гялгар уут (тор)-ны хэрэглээний талаар судалгаа хийжээ.

Тус сумын нийт 55 аж ахуйн нэгжээс 17 дэлгүүр нь гялгар уутны хэрэглээний судалгаанд оролцсон байна. Улмаар судалгаанд оролцогчид нэг сард гялгар уутанд 50-120 мянган төгрөг зарцуулдаг гэжээ.

Судалгаа зохион байгуулагчид үзэхдээ гялгар уут хэрэглэхэд нэг сарын зардлыг дунджаар 80 мянган төгрөгөөр тооцов. Жилдээ 147600 ширхэг тор худалдан авдаг. Үүнд 11.808.000 төгрөг зарцуулах ба таван жилийн хугацаанд 59 сая гаруй төгрөг болохоор байна гэж дүгнэсэн юм. 

Иймээс иргэд санхүү, эрүүл мэнд цаашлаад байгаль орчноо “гялгар уут”-аар солихоо зогсооцгооё. Эрүүл хөрс, ногоон байгаль, хоггүй, цэвэр орчин бий болгохын тулд даавуун уутны хэрэглээг хэвшүүлье гэж Дэлхийн байгаль хамгаалах сангаас уриаллаа.

Газрын хөрсөнд шингэлгүй 400 жил болдог гялгар уутнаас татгалзаж, даавуун уут хэрэглэж хэвшихийг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг.

Ховд аймгийн хэмжээнд оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 70-80 орчим иргэн, аж ахуйн нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгж, иргэнийг нэгдсэн бодлогоор дэмжих замаар даавуун уутны хүртээмж, шинэлэг хэрэглээг нэмэгдүүлэх боломж буй.  


Холбоотой мэдээ