Коронавирусний эмчилгээнд чихэр өвстэй цайг хэрэглэж эхлэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-19 13:04:43
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв коронавирусний эмчилгээнд нэмэлтээр чихэр өвстэй, уушги цэвэрлэх цайг ашиглахаар боллоо. 

Эрүүл мэндийн цай үйлдвэрлэгч “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “НАНС” брэндийн 100 хайрцаг уушги цэвэрлэх цайг Налайх дүүргийн Шуурхай штабт өнөөдөр хандивлав. 

Энэ үеэр Налайх дүүргийн Шуурхай штабын дарга Х.Анхбаяр, “Өнөөдрийн байдлаар, Налайх дүүрэгт коронавирусний нийт 235 тохиолдол батлагдсанаас 155 нь эдгэрээд байна. Хүүхдийн 50 ортой эмнэлгийг коронавирусээр халдварласан иргэдийг эмчлэх зориулалтаар бэлдсэн. Тус эмнэлэгт одоогоор 21 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн гэрийн эмчилгээнд 17 хүн байгаа юм. Тэдэнд энэ цайг зааврынх нь дагуу бэлтгэн өгч, эмчилгээнд нэмэлтээр хэрэглэнэ. Тодорхой хугацааны дараа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс үр дүнг нь тооцож мэдээлэх болно” хэмээгээд талархал илэрхийлэв.


Тус цайны найрлагад орсон чихэр өвс, цагаан гаа нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлж, уушги цэвэрлэх ач холбогдолтойг “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийн захирал Д.Нансалмаа онцоллоо. Тэрбээр, “Монгол оронд нэн ховор ургадаг чихэр өвс, хунчир, дэрвэгэр жиргэрүү зэрэг нь коронавирусийг эмчлэх гол ургамал болж буйг Харвардын их сургуулийн Анагаах ухааны эрдэмтэд тогтоосон байна. Мөн Хятадын эрдэмтэд цай нь шүлсэн дэх коронавирусний идэвхжлийг сулруулдгийг тогтоожээ. Тиймээс энэхүү цай нь коронавирусний эмчилгээнд тодорой үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов.


“Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийн “НАНС” брэндийн эрүүл мэндийн цуврал бүтээгдэхүүн нь цэвэр байгалийн гаралтай, хүний биед элдэв сөрөг нөлөөгүй бөгөөд уламжлалт аргыг үйлдвэрлэлийн технологитой хослуулан бэлтгэдэг аж. 

Тус компани нь 2017 оноос хойш эрүүл мэндийн цуврал цай үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоогоор найман төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна.
Холбоотой мэдээ