Нэг сарын хугацаанд халдварын таван голомт үүсч, 187 хүн халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-19 16:33:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт коронавируст халдварын анхны тохиолдол 3 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн. Түүнээс хойш халдварын таван голомт үүсч, 187 хүн халдвар аваад байна.

Хужирт сумын “Сэмжит Хужирт” рашаан сувилалд анхны голомт үүсч, тус сувиллаар үйлчлүүлээд нутаг буцсан иргэдээс халдвар илэрч байсан бол өнөөдрийг хүртэл тус голомтоос үүдэлтэй  117 тохиолдол батлагдаад байна.

Бүрд суманд Улаанбаатар хотоос зөөвөрлөгдсөн халдварын голомт үүсч, нийтдээ 38 тохиолдол батлагдсан. Тус голомтод 4 дүгээр сарын 11-ний өдөр таван тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдвар илрээгүй байна. Мөн Арвайхээр суманд Бүрд сумаас зөөвөрлөгдөн ирсэн нэг голомт байгаа ба 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 454 дүгээр орон сууцнаас 16 тохиолдол батлагдаад байгаа юм.

Хархорин суманд Улаанбаатар хотоос ирсэн хоёр иргэнтэй холбоотойгоор халдварын таван тохиолдол батлагдсан ба 4 дүгээр сарын 13-наас хойш дахин халдвар илрээгүй байна.

Биеийн тамир спортын улсын хорооны албан томилолтоос зөөвөрлөгдсөн голомт Арвайхээр суманд үүсч, 6 тохиолдол батлагдсан ба 4 дүгээр сарын 5-наас хойш уг голомтоос үүдэлтэй халдвар илрээгүй аж.

4 дүгээр сарын 17-ны өдөр халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн ба үүнд Улаанбаатар хотоос зөвөөрлөгдөн ирсэн хоёр тохиолдол байна. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээнд хамруулах, тархалтыг хумихын тулд зах, худалдааны төвийн үйл ажиллагааг хязгаарлалаа. Одоогоор дээрх хоёр тохиолдлын явсан маршрутыг гаргаж, ойрын хавьтлын 150 гаруй иргэнийг тогтоожээ.

Холбоотой мэдээ