Дүрслэх урлагийн музей: Ээмэг сүйх

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-04-26 09:57:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй ээмэг сүйх толилуулж байна.

 

Хүний чихэнд зүүх зориулалт бүхий цацаг унжлагатай ээмэг чимгийг сүйх гэнэ. Бүсгүй хүний гоёл чимэглэлд сүйх онцгой байр эзэлнэ.

 

Эрт цагаас эмэгтэйчүүд сүйхээр гоёж байсан бөгөөд эрэгтэйчүүд ч ээмэг зүүдэг байж. Харин нийгмийн байр суурь, эрх мэдэл, хөрөнгө чинээнээс хамаарч алт, мөнгөн чимэглэлийн ур хийц ч ялгарч харагдана.

 


Ээмгийг дархны аль ч сургууль хийцэд хэлбэр, хэмжээ, ур хийц нь өвөрмөц хийгээд бөөртэй, бөнжигнүүртэй, гархин, зоосон, өндгөн, нүдэн, тэвнэн, хутган, эрвээхэй, шоргоолжин, хонхон, цацагтай, хаан бугуйвч, хатан сүйх, өлзийт, хорол, арслан, зэндмэнэ, дөрөө, саглагатай, дэгээ, дөртэй гэх мэт олон янзаар урлан дархалдаг байжээ.


 

Ээмэгний нүдэлж чимсэн чулууг шигтгээ гэх ба түүнийг тогтоох сурвалжийг нуух, зүүх гогцоог сэнж гэх мэтээр нэрлэнэ. Сүйхийг анх чихэнд зүүж байснаа хэлбэр хэмжээ томорч, эрдэнийн чулуун шигтгээ нэмэгдэхийн хэрээр толгойн боолтоос шанаанд татуураар дамжуулан энгэр, хүйс тушаа унжуулан зүүдэг болсон.

 

Ийнхүү сүйхийг тухайн нутгийн сургууль хийц, дархны ур ухаанаас хамаарч олон янзын гинжин холбоогоор хэлхэж, бэлчирт дөрвөн хүчтэн, найман тахил, долоон эрдэнэ, хүслийн таван эрдэнэ зэргийг хөөмөл, ингэмэл, бутгуур, давхар ухмал зэргээр урлан алтдах, цувцайдах, пааландах гэх мэт аргаар уран тансаг үзэмж төгөлдөр болгож урлаж бүтээж байсан.

 

Ээмэг сүйх нь тухайн захиалагчийн нас, зэрэг дэв, ажил үйлийн онцлог, бие галбир зэрэгтэй уялдсан гүн утга агуулгатай байдаг.

 

Холбоотой мэдээ