Ж.Байден В.Зеленскийг Вашингтонд айлчлахыг урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-08 09:16:19

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй даваа гарагт утсаар ярьж, түүнийг энэ зун Вашингтонд айлчлахыг урьжээ.


Энэ тухай АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Жейк Салливан мэдэгдэв.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй 6 дугаар сарын 16-нд Женев хотод уулзахын өмнө Украины ашиг сонирхлыг хамгаална гэдгээ Ж.Байден мэдэгдсэн байна.


“Утсаар ярих үеэр талуудад хоёр улсын харилцааны бүхий л асуудлыг ярилцах боломж байсан. Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, цаашдын хүсэл эрмэлзлээ тууштай хамгаална гэдгээ Ерөнхийлөгч Ж.Байден В.Зеленскийд хэлсэн. Түүнчлэн Европт хийсэн айлчлалынхаа дараа В.Зеленскийг Цагаан ордонд хүлээн авч уулзана гэдгээ Ж.Байден мэдэгдсэн” хэмээн Салливан ярьжээ.


Харин В.Зеленский Цагаан ордонд айлчлахыг санал болгосонд нь Ж.Байденд талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх арга замуудыг хэлэлцэнэ гэж найдаж буйгаа Украины төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.


Үүнээс гадна Украинд 900 мянган тун коронавирусний вакцин нийлүүлэх төлөвтэй байгаагаа Ерөнхийлөгч Ж.Байден мэдэгджээ.


“Талууд эрчим хүчний аюулгүй байдлын салбарт хийгээд коронавирустэй тэмцэх асуудлаар нягт хамтран ажиллахын ач холбогдлыг хэлэлцсэн. Мөн ардчиллын нийтлэг үнэт зүйлс, евроатлантын хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан авлигатай тэмцэх, шинэчлэлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх Ерөнхийлөгч В.Зеленскийн төлөвлөгөөг дэмжих стратегийн түншлэлийг хэлэлцсэн” хэмээн Псаки цохон тэмдэглэв.

Холбоотой мэдээ