Авлигатай тэмцэх газарт 154 хэрэг бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-29 15:56:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст энэ оны эхний 5 сард авлигын 154 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10 (6.1 хувь)-аар багасжээ.


Үүнд хахууль өгөх гэмт хэрэг 10 (58.8 хувь)-аар, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 7 (77.8 хувь)- гоор, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 4 (3.3 хувь)-өөр багассан нь нөлөөлжээ.


Харин өнгөрсөн тавдугаар сард 25 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 23 (47.9 хувь)-аар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Бүртгэгдсэн авлигын хэрэг өмнөх сарынхаас багасахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 11 (35.5 хувь)-ээр, хахууль авах гэмт хэрэг 9 (75 хувь)-өөр багассан нь нөлөөлжээ.


Бүртгэгдсэн 154 авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад 117 (74.1 хувь) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 27 (17.1 хувь) нь хахууль авах гэмт хэрэг, 7 (4.4 хувь) нь хахууль өгөх хэрэг, 2 (1.3 хувь) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг, 5 (3.2 хувь) хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг байв.

Холбоотой мэдээ