Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг Кубын эрх баригчдад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-13 10:51:37

ВАШИНГТОН. /BBC/. Америкийн засаг захиргаа Кубын эрх баригчдад хандан жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг уриалж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагт мэдэгджээ.


“Кубын ард түмэн дарангуйлагч дэглэмээс эрх чөлөө шаардаж байна. Бид иймэрхүү эсэргүүцлийн жагсаал цуглааныг сүүлийн хэдэн жилд харж байгаагүй. Үнэнийг хэлэхэд, хэзээ ч харж байгаагүй гэхэд хилсдэхгүй" гэж Америкийн удирдагч хэлжээ. "АНУ эрхээ эдэлж буй Кубын ард түмэнтэй хамт хатуу зогсоно. Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тэдний сайн сайхны төлөө үйлчлэхийг бид Кубын Засгийн газарт уриалж байна" гэж Байден нэмж хэлсэн байна. 


Кубын хотуудад үймээн самуун дэгдэж, түүнд оролцогчид хэд хэдэн дэлгүүрийг сүйтгэсэн гэж Кубын төрийн мэдлийн телевизээр ням гарагт мэдээлжээ.


Ням гарагт Кубын хорь орчим хотод мянга мянган эсэргүүцэгчид гудамжинд гарчээ. Жагсагчид "Эрх чөлөө!", "Дарангуйллын дэглэм сөнөтүгэй!" хэмээн хашхирч, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан байна.


Эсэргүүцлийн жагсаал нийслэл Хаванагаас 26 км-ийн зайд орших Сан-Антонио-де-Лос-Банос хотоос эхэлж, орон даяар өрнөсөн байна. Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел ч мөн Кубын хувьсгалыг хамгаалагчдад хандан эрх баригчдын эсрэг өдөөн хатгалга явуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд гудамжинд гарахыг уриалжээ. Тэрбээр ням гарагт телевизээр үг хэлэхдээ бослого үймээний ард АНУ байгаа гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын эрх баригчид энэ мэдэгдлийг няцаажээ. Энэ бол "ноцтой алдаа" гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна. 


Кубад болсон эсэргүүцлийн жагсаал нь ЗХУ задран унасны дараа 1990-ээд оны эхэн үед нүүрлэсэн хямралаас хойших эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хамгийн гүн хямралд ард иргэд нь туйлдсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

Холбоотой мэдээ