СЗХ-ноос залилангийн шинжтэй үйл ажиллагаа байж болзошгүйг анхааруулав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-07-22 09:54:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим орчинд “Нэмэх даатгал” тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг иргэдэд санал болгон, мөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа 2 дахин үржүүлж өгнө гэх хууран мэхлэх, залилангийн шинжтэй үйл ажиллагааг нэр бүхий этгээд зохион байгуулж байж болзошгүйг Санхүүгийн зохицуулах хороо анхаарууллаа.


СЗХ-ноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй этгээдтэй даатгалын гэрээ байгуулж, хураамж, шимтгэл, төлбөр төлөх, иргэдээс татсан мөнгөн хөрөнгийг 2 дахин үржүүлж өгөх зэргээр өндөр хүү амласан амлалтад залилуулах эрсдэлтэй бий.


Иймд иргэд дээрх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахын өмнө тухайн байгууллагын оноосон нэр, эрхлэх үйл ажиллагаа нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй эсэхийг нягталж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаална.

СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын мэдээллийг энэ холбоосоор нэвтэрч танилцах боломжтой.


Дээр дурдсан асуудлаар өргөдөл гомдол, хүсэлт, мэдээллийг СЗХ-ны цахим хуудас-аар, мөн 51-266420, 51-261275 дугаарт хандан гаргаж болно. 


Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “... Зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсад болон Монгол Улсаас гадаад улсын нутаг дэвсгэрт даатгалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээд “даатгал”, эсхүл “даатгал” гэсэн үгний төрөл үг хэрэглэх, даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа, эсхүл уг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан гэсэн сэтгэгдэл төрүүлэхүйц нэр томъёо ашиглах болон тэдгээртэй адилтгах бусад үйлдэл хийхийг хориглоно” гэж заажээ.


Холбоотой мэдээ