НҮБ хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуусын оролцоог онцолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-13 10:09:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас наймдугаар сарын 12-ныг “Дэлхийн залуучуудын өдөр”, Монгол Улсад мөн сарын 25-ныг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэдэг.


Энэ онд дэлхий нийтээр “Хүнсний тогтолцоог өөрчлөх нь: Хүний болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйд залуусын оролцоо, инновацыг дэмжих нь” уриаг дэвшүүлжээ.


Дэлхийн залуусын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1995 онд “Залуусыг дэмжих үйл ажиллагааны дэлхийн хөтөлбөр” хэмээх 15 багц арга хэмжээг баталсан. Залуучуудын өдрөөр хөтөлбөрийг онцлох, дэлхийн улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилготой.


Монгол Улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж ирсэн. Ингэхдээ жил бүрийн 8 сарын 12-ноос 9 сарын 25-нд Залуусын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг.


Энэ онд хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуусын оролцоо хувь нэмрийг нэмэх олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил тохиож буйг онцолж байна.


Анх энэ аяныг зохион байгуулахдаа залуусын оролцоо, хөгжил, энх тайван гэсэн гурван чиглэлийг онцолжээ. Өмнө нь 2019 онд “Боловсролын шинэчлэл”, 2020 онд “Дэлхий нийтийн үйл хэрэгт залуусын оролцоо” зэргээр асуудал хөндсөн уриаг олон улсын хэмжээнд дэвшүүлж, улс орнууд залуусын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэхийг уриалж байв.


Аяны нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг, ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, Чех Каритас Репаблик суурин төлөөлөгч Яна Зилкова болон ГБХЗХГ, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, залуус, олон нийтийн төлөөлөл оролцлоо.

Холбоотой мэдээ