ОХУ-д биечлэн очих боломжгүй гадаад оюутныг цахимаар суралцах нөхцөлөөр хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д суралцах оюутныг үргэлжлүүлэн суралцахтай холбоотой зохицуулалтыг боловсруулж эхэлсэн талаар энэ сарын 20-нд тус улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальков мэдэгдсэн байна.
Тус улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гадаад хэргийн яамнаас тухайн улстай агаарын харилцаа нээсэн эсэхээс үл хамааран гадаад оюутныг хилээр нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг Засгийн газрын даргын орлогч Т.Голикова нарын тэргүүлсэн Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штаб хүлээн авсан байна.
Тус штабын хариу мэдэгдэлд, "ОХУ-д ирж үргэлжлүүлэн суралцах насанд хүрсэн гадаадын оюутан сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдах боломжтой. Харин тодорхой шалтгааны улмаас биечлэн ирж чадахгүй тохиолдолд зайны буюу цахим хэлбэрээр сургалтад хамрагдах нөхцөлөөр үргэлжлүүлэн хангана" хэмээн дурдсан байна.
Гадаадын оюутныг хилээр хэрхэн нэвтрүүлэх асуудлаарх ОХУ-ын холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, зохицуулалт одоогоор хараахан гараагүй байгаа бөгөөд энэ талаар тодорхой мэдээлэл гармагц мэдэгдэнэ хэмээн ГХЯ-наас мэдээлэв.