Элчин сайд О.Оч Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын даргатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-03 10:02:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Оч Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын дарга ноён Гуннар Вигандтай энэ сарын 2-нд үдэлтийн уулзалт хийв.


Уулзалтаар Элчин сайд О.Оч өнгөрсөн хугацаанд бүхий л талаар дэмжин, Монгол Улс, Европын Холбооны харилцааг шинэ шатанд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд гар нийлж хамтран ажилласанд талархав.


Монгол Улс, Европын Холбооны “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд Бодлогын анхдугаар яриа хэлэлцээг зохион байгуулсан, мөн Монгол Улсын худалдааг дэмжих ТРАМ төсөл амжилттай хэрэгжин дууссан зэрэг нь энэхүү хэлэлцээрийг үр дүнтэй, бүрэн хэрэгжүүлж буйн илрэл болохыг тэмдэглэж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.


Ноён Гуннар Виганд Монгол Улсыг бүс нутагтаа ардчиллыг хөхиүлэн дэмжин сурталчлагч үлгэр жишээ улс болохыг онцлон тэмдэглэж, цаашид ч Монгол Улс, Европын Холбоо нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдон харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ