Барьцаалагч залуус "чинээлэг айлын дээд боловсролтой хүүхдүүд байсан" гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-04 09:45:40

ДАККА. /VOA/. Нийслэл Дакка хотын ресторанд олон хүнийг барьцаалан хөнөөсөн этгээдүүд нь дээд боловсролтой, чинээлэг амьдралтай залуус байсан гэж Бангладешийн сайд мэдэгдлээ.

Бангладешийн Дотоод хэргийн сайд Асадуззаман Хан ням гарагт мэдэгдэл хийхдээ “гэмт этгээдүүд бүгд Бангладешийн иргэд бөгөөд чинээлэг айлын хүүхдүүд байсан. Тэд бүгд дээд боловсрол эзэмшсэн байсан” гэв.

Харин тэднийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй холбоотой гэсэн мэдээллийг сайд Хан няцаалаа. Өөрийгөө “Лалын улс” бүлэглэлийн Бангладеш дахь жигүүр гэж мэдэгдсэн нэгэн бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэж мэдэгдсэн юм. Гэхдээ энэ нь худал байжээ.

Зэвсэгт этгээдүүд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой олон хүнийг барьцаалан ресторанд бүгсэн юм. Халдлагын үеэр амь үрэгдсэн 20 хүний 7 нь Японы, 9 нь Италийн иргэд ажээ. Америк болон Энэтхэгийн тус бүр нэг иргэн амиа алдсан байна.

Аюулаас хамгаалах хүчнийхэн зэвсэгт этгээдүүдийн зургааг нь устгаж, нэгийг нь баривчилжээ.

Чинээлэг айлын хүүхдүүд дэлхийн хамгийн ядуу улсуудын нэг болох Бангладешт чухам ямар учраас ийм олон хүний аминд хүрсэн халдлага үйлдэх болсныг мөрдөн байцаагчид тогтоохоор ажиллаж байна.

Амьд үлдсэн нэг зэвсэгт этгээдийг байцаан зэвсэгт этгээдүүд олон улсын лалын бүлэглэлүүдтэй холбоотой эсэхийг мөрдөн шинжээчид тогтоохыг оролдож байгаа ажээ.

Г.Доржханд

 

.

Холбоотой мэдээ