Ахмадууд хүлэмжийн аж ахуйдаа 10-аад төрлийн нарийн ногоо тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-11 16:42:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 389 дүгээр тогтоолд ахмадуудын ажлын байр, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг тусгасан байдаг. Тус хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Ахмадын хороо нь өөрийн эзэмшлийн сургалтын талбайтай болж улмаар ахмадуудаа байнгын орлоготой болгох зорилт тавин ажиллаж байгаа аж.

Тэгвэл тус зорилтыг Алтай хотыг дулаанаар хангагч “Мандал Голомт” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин өнгөрсөн гуравдугаар сард 40 метр хүлэмжийг ахмадын хороонд хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр ахмадууд тус хүлэмжийнхээ 50 хувьд буюу 20 метр хүлэмжид өнгөрсөн хавар тариалалт хийж 10 гаруй нарийн ногоо тариалжээ.

Говь-Алтай аймгийн Ахмадын хороон дарга Б.Ганзориг: -“Бид энэ жил цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалан “Мандал голомт” ХХК-ийн өгсөн хүлэмжээ бүрэн ашиглаж чадаагүй. Хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой 4 ахмаддаа 20 метр хүлэмжийг өгсөн бөгөөд ахмадууд маань хүлэмждээ манжин, хүрэн манжин, сонгино, брокли, газрын алим, огурци зэрэг хүнсний ногоог тариалж амьдрал ахуйдаа нэмэр болгож байна” гэлээ.


Холбоотой мэдээ