Этторэ Росато: Бид Монгол-Италийн ААН-үүдийг холбох эрхзүйг бүрдүүлэх үүрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-10-14 13:54:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Итали улсаас Монгол руу өнгөрсөн онд 40.7 сая ам.долларын хүнс, хувцас, барилгын материал, эмнэлгийн тоног төхөөрөмж импортолжээ. Монголоос Итали руу 1.9 сая ам.долларын самнасан ноолуур, хагас боловсруулсан арьс шир, ноолууран бүтээгдэхүүн гаргажээ.

“Итали улс манай ХАА-н гаралтай бүтээгдэхүүний худалдааны гол түнш, Монголын ноолуурын экспортын Европ дахь томоохон зах зээлийн нэг” гэдгийг МҮХАҮТ-д болсон “Монгол-Италийн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” уулзалт дээр Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин тодотгов.




Уулзалт Итали улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчдийн манай улсад хийж буй айлчлалын хүрээнд болж, энд оролцсон Италийн парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд Ерөнхийлөгч Этторэ Росато хэлэхдээ, “Улс төрийн хүрээнд хийж буй бидний айлчлал нь хоёр орны ААН-үүдийг хооронд нь холбох, хууль эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгээ онцолсон юм.

Тэрээр, Итали, Монголын худалдааны харилцааг бэхжүүлж, өргөжүүлэх зорилгоор энэ удаагийн уулзалтыг зохион байгуулж байгааг тодотгоод тус улсын ААН-үүд боломжит бүх салбарт Монголын компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ.




Уулзалтад манай улсаас 50 компанийн 80 гаруй төлөөлөгч оролцож, Монголын Ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Монгол-Италийн хамтын ажиллагаа ноолуурын салбарт”, ХХБ-ны Гадаад эх үүсвэрийн удирдлага, хяналтын хэлтсийн захирал О.Энхчимэг “Монгол болон Итали улсын хооронд хийж буй экспорт, импортыг санхүүжүүлэх нь”, “Eternal Peace Sea” ХХК-ийн захирал Н.Лхамсүрэн “LORIBLU франчайзинг нэвтрүүлсэн туршлага”, “Лора Пиана” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Буяндэлгэр, “Монитал кашмир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Буянаа нар “Самнасан ноолуурын экспорт” сэдвээр тус тус танилцуулсан юм.


 

Холбоотой мэдээ