“Валдай” хэлэлцүүлгийн клубийн хурал Сочид эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-18 12:52:34

СОЧИ. /RIA Novosti/. “Валдай” хэлэлцүүлгийн клубээс жил бүр зохион байгуулдаг олон улсын хурал Сочи хотноо өнөөдөр эхэлнэ. 10 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд үргэлжлэх 18 дугаар бага хуралд ОХУ-ын төдийгүй гадаадын улстөрчид, шинжээчид оролцоно.


Энэ жилийн хурал  “Глобал донсолгоо-XXI: хүмүүс, үнэт зүйл, төр" сэдвийн дор уламжлалт хэлбэрээр болох бөгөөд 140 орчим оролцогч үг хэлэхээс 65 нь гадаадын төлөөлөгчид байна. Түүнчлэн 150 гаруй оролцогч хэлэлцүүлэгт цахимаар оролцох бөгөөд үүний 61 нь гадаадын зочид ажээ.


Хуралд ОХУ, Австрали, Аргентин, Афганистан, Бразил, Их Британи, Герман, Иран, БНХАУ, Малайз, Турк, Япон зэрэг нийтдээ 45 орны төлөөлөгчид оролцоно.


Энэ удаагийн хурлын гол зорилго нь хүн ба нийгэм, хүн ба төр, түүнчлэн янз бүрийн нийгэм хоорондын харилцаа шинэ нөхцөлд хэрхэн өөрчлөгдөж байгаад дүн шинжилгээ хийх явдал юм. Шинжээчдийн хэлэлцүүлгийн үеэр цар тахлын үед дэлхийн тогтолцоонд гарсан өөрчлөлтүүд, түүнчлэн орчин үеийн ертөнцөд хувь хүний эзлэх ​​байр суурийг ойлгоход гол анхаарлаа төвлөрүүлнэ. Өнөөгийн нөхцөлд төрийн үүрэг роль дээд цэгтээ хүрч, түүнтэй зэрэгцэн хувь хүн, төр, нийгэм, дэлхийн өөр хоорондын харилцааны шинэ тогтолцоо бүрэлдэж эхэлсэн гэж шинжээчид үзэж байна.


Хурлын үеэр хэлэлцэх өөр нэг сэдэв бол дэлхийн технологижилтын үйл явц байх ажээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн болоод дэлхийн дахинд тулгамдсан чухал асуудлуудыг хэлэлцэнэ. 

Холбоотой мэдээ