Завхан аймаг 8.613 тонн ногоон тэжээл хураан авчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-10-19 20:05:54

Завхан/МОНЦАМЭ/. Энэ онд 17 сум нийт 4.940 га талбайд малын тэжээл тариалж амжилттай хураан авлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Хөдөөгийн 23 суманд хяналт шинжилгээ үнэлгээний ажлын баг ажиллаж байгаа. Энэхүү ажлын багийн нэгийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал ахалж Сантмаргаз, Сонгино, Цэцэн-Уул, Түдэвтэй, Нөмрөг суманд ажиллаж байна. Тэрээр энэ үеэр тус сумдын малын тэжээл тариалсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан юм. 

Энэ онд Алдархаан, Асгат, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Отгон, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Улиастай, Яруу сум малын тэжээл тариалсан. Өнөөдрийн байдлаар 8.613 тонн ногоон тэжээл хураан авлаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад тариалсан талбай 3415 га-гаар, хураан авсан ногоон тэжээл 3.206 тонноор тус тус нэмэгдсэн байна гэв. 

Холбоотой мэдээ