С.Гүррагчаа: Малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын мэдээллийг цогцоор нь авна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-10-20 18:21:00

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоо амжилттай хэрэгжиж байгаа. Энэ талаар аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаатай уулзаж ярилцлаа.


-Манай аймагт малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлж байгаа. Энэ ажилд багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан байх?

-Тийм ээ. Анх 2018 онд аймгийн ИТХ-аас малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэхэд 105 сая төгрөгийг баталсан байдаг. Үүний үр дүнд аймгийн нийт 24 суманд мал эмнэлгийн баталгаажуулалтын тоног төхөөрөмжтэй болсон. Түүнчлэн мал эмнэлгийн баталгаажуулалтын цахим системийг нэвтрүүлсэн анхны аймаг болж байсан.

2019 онд Завхан аймгийн орон нутгийн хөгжлийн сан, Ногоон алт хөтөлбөрийн санхүүжилттэйгээр Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог улсын хэмжээнд анх удаа Эрдэнэхайрхан, Сант, Түдэвтэй суманд нэвтрүүлжээ. Энэхүү тогтолцоог хэрэгжүүлж эхэлснээр малын гарал үүсэл тодорхой болж, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн чанарт ахиц гарч, Мал эмнэлгүүдийн орлого өссөн байна. Өдгөө дээрх сумдад төслийн хүрээнд мал эмнэлгийн тасгийн нэгдсэн байр барьсан нь малчны хотноос малын мах, түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлд үнэд хүргэн нийлүүлэх, гарал үүслийг тодорхойлох, мал эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулж мэргэшүүлэх сургалт зөвлөгөөнд тогтмол хамруулах болон малын гоц халдварт өвчин гарах үед авах арга хэмжээнд ашиглах гарын доорх хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон зэрэг олон давуу талыг бий болгоод байгаа юм.

Мөн "Эрдэнэт хивс" ХХК-д хонины ноос, "Дархан нэхий" ХК-д арьс шир, "Говь" ХК, "Алтай кашемир" ХХК-д ноолуур, "Bodio`s" болон "Mongol textile" компаниудад ноос, ноолуур бэлтгэн нийлүүлж байна. Харин одоо малын эрүүл мэндийг мөшгөх тогтолцоо бүх аймагт амжилттай хэрэгжиж байна.

-Малын эрүүл мэндийг мөшгөх тогтолцоо ер нь хэр үр дүнтэй ажил болсон бэ?

алын гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих боломжтой болсон. Түүнчлэн малын өвчнийг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж голомтод нь устгах, өвчин гаргалгүй тайван байдлыг хадгалах зэрэг үзүүлэлт сүүлийн жилүүдэд нэлээд дээшилж байгаа.

Ер нь мал эмнэлгийн баталгаажуулалтын цахим системтэй болсон нь аль нэгэн газар, нутаг, сум, аймагт халдварт өвчний голомтгүй бол тэр статусаа тогтвортой хадгалж чадаж байна гэдгээ нотлох боломжтой болж эхэлж байна гэсэн үг. Мал төрснөөс эхлээд үйлдвэрт төхөөрөх хүртэлх бүхий л түүхийг мэдээллийн санд хадгалж, энд цугларсан иж бүрэн мэдээллийг асар богино хугацаанд хэрэглэгчдэд саадгүй хүргэдэг болсон. Мал эмнэлгийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр Монголын 70 сая мал бүхэлдээ эрүүл мэндийн цахим дэвтэртэй болсон гэсэн үг. Жишээ нь гурван настай малыг хэрэглээнд зориулан үйлдвэрт өгөх гэж байгаа бол хэн гэдэг малчных, хэзээ ямар, ямар вакцин тарьсан, ямар эмчилгээ хийсэн, хэн гэдэг малын эмч хариуцаж байв, хаана төхөөрөөд хэрэглэгчийн гарт хүргэв гэдгийг, өөрөөр хэлбэл тухайн малын амьдралын болон эрүүл мэндийн түүхийг мэдэж болно.

-Малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог хөгжүүлснээр мал эмнэлгүүд гэрчилгээтэй болсон гэсэн? Энэ мал эмнэлгийн гэрчилгээ гэж юу вэ?

-Энэ бол мал эмнэлгийн байгууллага өөрт байгаа баримт нотолгоонд үндэслэн олгож байгаа баталгаажуулалтын баримт бичиг юм. Өмнө нь гэрчилгээг А4-ийн хэмжээтэй, үнэт цаасан дээр хэвлэж гаргадаг байлаа. Хэдийгээр цаас нь үнэт цаас боловч дээр нь бичигдсэн мэдээлэл хэнд ч үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй мэдээлэл болж хувирсан.

Завхан аймгаас мал ачуулаад Улаанбаатар хот руу явуулахад замд нь Төв аймгийн аль нэг сумын малын эмч гэрчилгээ дээр нь нэрээ тавиад, гарын үсэг зураад, тамга дарчихдаг байсан. Өөрөөр хэлбэл тэр мал хаанаас ирж байгаа, халдварт өвчний голомттой газраас ирсэн үү, эрүүл үү, ямар эмчилгээ, тарилга хийсэн бэ гэдгийг мэдэхгүй хүн гарын үсэг зурчихдаг байсан гэсэн үг. Тэгэхээр тэр гэрчилгээнээс ямар ч үнэн бодит мэдээлэл авах боломжгүй. Тийм нөхцөлд мал эмнэлгээс баталгаа гаргаж тамга дараад байхаар дотоодын хэрэглэгчид ч, гадаадынхан ч гэсэн болгоомжилж эхэлж байгаа юм. Тийм учраас гадаад улс орнууд манай улсаас малын гаралтай бүтээгдэхүүн авахдаа өөрсдөө газар дээр нь ирж үзэж, хардаг болсон.

Жишээлбэл ОХУ руу бүтээгдэхүүн гаргахын тулд юу болдог байсан бэ гэвэл, оросууд ирж мал, үйлдвэрийг үзээд “Бидний үзсэн энэ малыг энэ үйлдвэрт төхөөрөх юм бол бид авъя” гэдэг байдлаар ажилладаг байлаа. Энэ нь итгэлцэл, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх байдал маш доогуур түвшинд байсныг харуулж байгаа юм. Одоо бол ийнхүү мал эмнэлгийн, малын эрүүл мэндийн түүхийг багтаасан цахим системийг нэвтрүүлснээр гадаад орнуудын манай улсаас бүтээгдэхүүн худалдаж авах сонирхол эрс дээшилж байгаа юм. “Ковид-19” намжиж, байдал тайван болж, хил нээгдэхэд малын гаралтай бүтээгдэхүүн өмнөхөөс хэд дахин илүү хэмжээгээр гадаад зах зээл рүү гарна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхэд малчдын өрхийн орлого нэмэгдэн, амьжиргаа сайжрахад тус нэмэр болно.

-Ногоон алт малын эрүүл мэнд төслөөс малын гаралтай түүхий эд бэлтгэлийн мөшгөх тогтолцоо буюу хариуцлагатай нүүдэлчид системийг хөгжүүлж байгаа гэж мэдээлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн зах зээл дэх хэрэглэгчид байгальд ээлтэй, тогтвортой замаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг илүү сонирхох болсон. Хэрэглэгчдийн энэ сонирхолд нийцүүлэн боловсруулах үйлдвэрүүд болон худалдан авагчид нь байгальд ээлтэй. Тогтвортой замаар үйлдвэрлэсэн, баталгаатай, эргэн мөшгөх боломжтой түүхий эд бэлтгэлийн системийг нэвтрүүлсэн малчид, Бэлчээр ашиглагчдын холбоо, Сумдын бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоодоос түүхий эд, материалаа авах хандлага нэмэгдэж байна.

Түүхий эдийн байгальд ээлтэй, тогтвортой гэдэг ойлголтод эрүүл бэлчээр, эрүүл мал, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, хариуцлагатай малчин, цэвэр, аюулгүй орчин зэрэг үзүүлэлтүүдийг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн малчид, малчдын байгууллага нь бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэх. Малын чанар, эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах. Малын стрессгүй тавлаг байдал, хүрээлэн байгаа байгаль орчинд ээлтэй гэх мэт үзүүлэлтүүд дээр анхаарч үйлдвэрийн хаалга хүртэл байгальд ээлтэй аргаар зөв бэлтгэх бүхий л үйл ажиллагааг хамааруулна. Мөшгөх тогтолцоо гэж малын гаралтай түүхий эдийг малчны хотноос эхлээд эцсийн хэрэглэгчийн гар дээр тавих хүртэлх алхам бүрийг мэдээлэл технологид суурилсан баталгаажуулалтад үндэслэн хянах үйл явц юм.

Малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцооны үнэмлэхүй зорилт нь түүхий эдийн гарал үүслийг баталгаажуулах, нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүх түвшинтэй холбоотой түүхийг мэдэхийн сацуу малчин өрх болон бэлчээр ашиглагчдын холбоонуудад зах зээлд нэвтрэх боломжийг олгох явдал юм. 2015 оноос эхлүүлсэн энэхүү систем нь бэлчээрийн төлөв байдал, малын эрүүл мэнд, малын тавлаг байдал, түүхий эдийн чанар, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай гэсэн зургаан стандарт үзүүлэлтүүдэд үндэслэн хөгжиж байна. Энэ нь түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, байгальд ээлтэй, тогтвортой, хариуцлагатай байдлыг нотлохоос гадна, түүний чанар, аюулгүй байдлын түүхийг эргэн мөшгөх боломжийг  хэрэглэгчдэд олгож байгаа юм.

-Тэгвэл хэрэглэгчид ямар түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаагаа хянах боломжтой гэсэн үг үү?

-Тийм ээ. Бүтээгдэхүүний савлагаа дээрх QR кодыг ашиглан хэрэглэгч худалдан авч буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, гарал үүслийг шалгаж, түүхий эд нийлүүлэгч малчид/фермерийн бэлчээрийн төлөв байдал, малын тавлаг байдал, эрүүл мэнд, хүрээлэн байгаа байгаль орчиндоо ээлтэй байдал зэрэг мэдээллийг авах боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл аль аймаг, сумын хэн гэдэг малчны өсгөн үржүүлсэн мал сүргийн ямар түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн болохыг нотолж, тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, чанарын мэдээллийг цогцоор нь авна. Ногоон алт малын эрүүл мэнд төслийн хүрээнд хийсэн малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцооны амжилттай үр дүнтэй жишээнүүд байна. Тухайлбал манай аймгийн Сантмаргац, Эрдэнэхайрхан, Идэр сумаас мал нийлүүлж "Мах маркет" ХХК-д үйлдвэрийн аргаар боловсруулан, гарал үүсэл нь тодорхой, эрүүл аюулгүй махны худалдааг Лавай болон Наадам төвд худалдаж байна. Ногоон алт малын эрүүл мэнд төсөл хэдийгээр үр дүнгээ хүлээлгэн өгсөн ч орон нутгууд гаргасан сайн үр дүнгүүдээ бататган улам сайжруулан ажиллана.

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ