Хятадын Коммунист намын 6-р бүгд хурал өндөрлөлөө

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-12 14:24:20

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист намын /ХКН/ 6-р бүгд хурал энэ сарын 8-11-ний өдрүүдэд нийслэл Бээжин хотод зохион байгуулагдаж өндөрлөв.

            ХКН-ын холбогдох албан тушаалтнууд өнөөдөр өглөөний 10.00 цагаас хэвлэлийн бага хурал зохион байгуулж бүгд хурлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тодруулбал, хэвлэлийн бага хуралд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын орлогч дарга Ван Сяохуй, Төв хорооны Төрийн бодлогын судалгааны газрын дарга Зян Жинчуань, Төв хорооны Санхүү, эдийн засгийн газрын орлогч дарга Хан Вэншүй, Төв хорооны Намын түүх, баримт бичгийн судалгааны хүрээлэнгийн захирал Чүй Чиншань нар оролцож олон нийтэд мэдээлэл өгөв.

Энэ үеэр Төв хорооны Суртал ухуулгын газрын орлогч дарга Ван Сяохуй бүгд хурлын талаар хийсэн мэдээлэлдээ “Энэ удаагийн хурал маш амжилттай зохион байгуулагдсан ба хэлэлцэхээр төлөвлөгдөөд байсан асуудлуудаа хэлэлцэж баталсан. Тухайлбал, “Намын 100 жилийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагын тухай намын төв хорооны тогтоол”, “ХКН-ын 20-р их хурлыг хуралдуулах тухай тогтоол”-ыг тус тус хэлэлцэн баталсан гэв.

Мөн “Ши Жиньпин төвтэй Намын Төв хороо хүнд хэцүү нөхцөл байдал, ээдрээтэй асуудлуудтай тулгарсан ч хятад үндэстний агуу их сэргэн мандалтын стратегийг уялдуулан зохицуулах болно” гэдэгт хурлын төлөөлөгчид санал нэгдсэн байна.

Хурлаар баталсан “Намын 100 жилийн томоохон ололт амжилт, түүхэн туршлагын тухай намын төв хорооны тогтоол” нь намын түүхэн дэх гурав дахь түүхэн тогтоол болж байгаа юм.

Өмнөх хоёр тогтоолыг 1949 онд БНХАУ-ыг үүсгэн байгуулсан Мао Зөдун, 1980-аад оны үед тус улсын эдийн засгийн хөгжлийн үндэс суурийг тавьсан Дэн Сяопиний үед баталж байсан байна.

Ийнхүү Ши Жиньпиний үед дараагийн түүхэн тогтоолыг баталж, өөрийн санаачилсан үзэл санааг тусгаж чадсан нь түүнийг Мао, Дэн нартай дүйцэхүйц түүхэн удирдагч болсныг шинжээчид онцолж байгаа юм.

Уг тогтоолын ач холбогдол нь өнгөрсөн 100 жилийн хугацаанд намын ололт, түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж, шинэ эриний хүчирхэг социалист улсыг бүх талаар цогцлоох үйлсэд тус дэм үзүүлэх оршиж байна.   

 

Холбоотой мэдээ